Хоршоодын талаар цахим хэлэлцүүлэг зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, ЖДҮГ хамтран “Хоршооны талаарх төрийн бодлого зохицуулалт болон хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нээхдээ, “ЖДҮ хөгжүүлэх сангийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд 2020 онд 10 гаруй хоршоо хамрагдсан. Энэ тоог цаашид нэмэгдүүлэхэд анхаарна.
Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачтай хамтран загвар хоршооны ТЭЗҮ батлуулсан. Загвар хоршоо байгуулахад 600-800 сая төгрөг хэрэгтэй гэж тооцоолсон. Өнгөрсөн оны төсвийн төсөлд загвар хоршоог хөгжүүлэх 1 тэрбум 200 сая төгрөгийн санал өгсөн ч батлагдаагүй. Аймаг, сум бүр нэг загвар хоршоотой болоход анхаарах хэрэгтэй.
Цар тахлын нөхцөл байдал арилчихвал бүсчилсэн сургалт, тэргүүн туршлага судлах зэрэг ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй” гэв.
Энэ үеэр ХХААХҮЯ, ЖДҮГ-аас төрөөс хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, тусгай сан хоршооны үйл ажиллагааг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого болон Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга хийв. Мөн Үндэсний холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй ажил, хоршоодыг цахим орчинд ажиллах нөхцөл бүрдүүлэх талаар ярилцжээ.
Хэлэлцүүлэгт
Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Аймаг, сумдын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сумдын нийгмийн даатгалын байцаагч, аймаг, сумдад үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй хоршооны
төлөөлөл оролцлоо.