Орон нутгийн 7500 иргэнийг нутаг буцаана

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-01-23 18:56:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу “COVID-19” цар тахлын үнэлгээг салбар хоорондын байгууллагууд хамтран хийж өнөөдрөөс  бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс засал, зочид буудлын үйлчилгээ хэвийн горимоор ажиллах болсон.


Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлай, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн дагуу үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудын  хүргүүлсэн түр заавар, тусгай шаардлагуудыг мөрдөн ажиллах шаардлагатай. Эрсдэлийн үнэлгээний үзүүлэлтээр өндөр эрсдэлтэйд тооцсон 12 салбар,  чиглэлийн  аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлалтад багтсан хэвээр үлдсэн.  


НОБГ-аас хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаахаар 21 аймгийн Онгой комисстой хамтран ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос гарах хүсэлтэй, орон нутгийн 7500 гаруй иргэн байгаа бөгөөд PCR шинжилгээнд хамруулж, хувийн автомашинтай хүмүүсийг хувийн машинаар нь, машингүй бол нэгдсэн унаагаар буцаахаар төлөвлөж байгааг НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээллээ.

Холбоотой мэдээ