Яруу найрагч Р.Лхамрагчаа “Сүбээдэй баатар” түүхэн туульсаараа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-26 09:52:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, яруу найрагч Р.Лхамрагчаа “Сүбээдэй баатар” түүхэн туульсаараа “Алтан өд-2020” наадмын тэргүүн байр эзэлжээ.


МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Р.Лхамрагчаа нь 1976 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Салаа нуур” хэмээх газар мэндэлжээ. Өдгөө Дархан хотноо амьдарч байна. Тэрээр “Унасан нутагтаа өргөх шүлэг”, “Шүлгэн гэрэгэ мину” яруу найргийн номоороо МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбараас “Оны шилдэг ном”-оор, Дархан-Уул аймгийн оны шилдэг шүлэг шалгаруулах “Алтан өд” яруу найргийн наадмын хошой тэргүүн байрт тус тус шалгарч байсан удаатай. 2010 онд “Чанад гялтрагч” номоо олны хүртээл болгосон бөгөөд ийнхүү “Сүбээдэй баатар” түүхэн туульсаараа утга зохиолын оны шилдэг шалгаруулах наадамд тэргүүн байр эзэллээ.

Р.Лхамрагчаа: "Монгол хэмээгч төрт улсыг дэлхий дахинаа идэрхэг хүчирхэгээр мандаан бадраасан  Монгол үндэс угсаат хүмүүн бид бүхний баатарлаг, мэргэн өвөг дээдсийн ялгуусан аугаа их гавьяа, зүтгэлийг ийнхүү мөр болгон бичлээ" хэмээн бүтээлийнхээ тухай тэмдэглэн хэлсэн юм.


Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд-2020” наадам энэ жил Яруу найраг, Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, Жүжиг, киноны зохиол, Хүүхдийн зохиол, Утга зохиолын судлал, шүүмж, Утга зохиолын орчуулга, Баримтат, уран зохиолын бүтээлийг тус тус шалгаруулж, шилдгүүдээ тодруулсан юм.


Холбоотой мэдээ