Булаг шандны мэдээллийг паспортжуулах ажлыг эхлүүлжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-26 22:48:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хашиж хамгаалсан булаг шандны мэдээллийн суурь эх үүсвэрийг бий болгон паспортжуулах ажлыг эхлүүлэн, үр дүнг тооцох боломжтой болжээ.


Говь-Алтай аймгийн усны тооллогын гурван жилийн дүн мэдээгээр 91 булаг шандны усны түвшин буурч, улирал, цаг уурын өөрчлөлт, хуурайшилт хүн, мал, бусад гадны нөлөөгөөр ширгэсэн бөгөөд энэ онд 1117 шанд тоологдлоо.

Тус аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд булаг, шандны эхийг хашиж хамгаалах ажлыг эрчимтэй өрнүүлэн гурван жилийн хугацаанд 54 булгийн эхийг хамгаалсан ба үүний 16 нь буюу 30% нь монгол бөхөнгийн байршил нутаг Шарга, Хүйсийн говийн 7 суманд хийсэн байна. Энэхүү ажлыг байгаль хамгаалах эко клубуудын санаачилга, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилт, малчин иргэдийн хандиваар хийсэн тухай Байгаль орчин, аялал жуулчлалын газраас танилцууллаа. 

Тухайлбал, Эко клубын хүүхдүүдтэй хамтран булгийн хэмжилт судалгаа хийж хашихаас өмнөх болон дараах урсац, ундаргын хүчин чадал, мөн усны чанарт мониторинг судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд 16 булгийн урсгалын урт/м 1.6 - 35.1 дахин, ундаргын хүчин чадал 0.4-4.9 л\сек-ээр нэмэгдсэн бол усны Ph буюу хүчил шүлт 0.3-3.7 хувиар бууруулсан байна. Энэ нь 2020 оны 4-8 дугаар сарын судалгааны үр дүн бөгөөд Хөхморьт сумын Адагийн голыг хамгаалснаар нуур сэргэсэн гэх мэтээр жил ирэх тусам илүү үр дүнд хүрч цаашлаад малчдын усан хангамж сайжирч, гадны шууд болон шууд бус нөлөөллөөр бохирдох байдал багасах давуу тал ажиглагджээ. 

Түүнчлэн тухайн булгийн тодорхой мэдээллийг агуулсан паспортыг Монгол Улсад анх удаа санаачлан боловсруулж, сум орон нутгийн холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч, мэдээлэл бүрдүүлжээ. Мөн цаашид гарах үр дүнг тооцох судалгаа мэдээлэл цуглуулах боломж бүрдэж, арчилгаа хамгаалалтыг хариуцуулан өгсөн байна. Ингэснээр булгийн хамгаалалтыг засаж сэлбэн илүү олон жил үр ашгийг нь хүртэх ашиглагч нь хамгаалагч байх зарчим мөрдөгдөн, нутгийн малчин айлын хараа хяналт сайжирч, хүний нөлөөгөөр эвдэрч гэмтэх, алга болох зэрэгт БОХУБ зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох боломжтой болсноороо онцлогтой ажээ. 


Холбоотой мэдээ