Улаанбаатар хотоос ирсэн бүх иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-27 17:03:20

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу хөдөлсөн 362 зорчигчтой 9 автобус, хувийн унаатай 110 зорчигч өнөөдөр түрүүчээсээ аймагтаа ирж байна. Эдгээр автобусны гурав нь сумдад, үлдсэн зургаа нь аймгийн төвд ирж байгаа аж. Тэднийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Онцгой комисс энэ сарын 26-ны орой хуралдаж, хэрхэн ажиллах чиглэлээ гаргасан юм.  

Өмнө нь 2020 оны 12-р сард Увс аймаг 6000 орчим иргэнээ Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас татан авсан. Гэхдээ энэ удаагийн татан авалт өмнөх нөхцөл байдлаас илүү эрсдэл өндөртэй байгаа учир аймгийн Онцгой комисс үүнд онцгой анхаарч, тухайн үеийн туршлагаа сайжруулан дараах хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

1. Автобусаар ирж байгаа бүх иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Тэгэхдээ ЭМБ-ын зөвлөмжийн дагуу том талбайтай заалыг ашиглан хотоос ирж байгаа иргэдээс халдвар хамгааллын дэглэм баримтлан шинжилгээ авч байна.

3. Сөрөг гарсан иргэдийг гэрийн ажиглалтад оруулахдаа урьдчилан хяналт тавьж, шаардлага хангасан нөхцөлд 14 хоногийн ажиглалтад шилжүүлж байна.

4. Сэжигтэй гарсан тохиолдолд тухайн автобусны зорчигчдыг тусгаарлах байранд оруулах, PCR шинжилгээгээр баталгаажвал Халдвартын тасгийн хяналтад авах юм.

5. Хувийн тээврийн хэрэгслээр ирж байгаа бүх иргэний түргэвчилсэн шинжилгээг 24 цагаар Халдвартын тасагт хийж байна. Ингэхдээ Адарганы постоос цагдаагийн хяналттай тухайн тасагт ирүүлж шинжилгээ өгүүлж байна.

6. Ачаа тээврийн машины жолооч нарыг 14 хоног тусгаарлана.

Цаг үеийн нөхцөл байдал эрсдэл өндөртэй байгаа тул иргэн бүр хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос сануулж байна.

Холбоотой мэдээ