Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-28 13:47:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Авлигын эсрэг хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав. 


Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуульд хориг тавих болсон үндэслэлийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулав. Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэж 2006 оны долоодугаар сард УИХ-аас Авлигын эсрэг хуулийг баталсан. Улмаар 2007 оны нэгдүгээр сард  АТГ-ыг байгуулсан. Тухайн үеийн протоколд, АТГ-ын даргыг УИХ-аас томилсноор, ялсан намын хараат болох тул бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч санал болгодог байх саналыг дэмжиж баталжээ. Гэвч энэ сарын 14-нд ЕТГ-т ёсчлон ирүүлсэн Авлигын эсрэг хуульд уг үзэл баримтлалаас ухарсан заалт орсон хэмээн ЕТГ-ын дарга Ө.Шижир тэмдэглэв. Тэрбээр, "Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд, АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга томилдог байхаар оруулж ирсэн ч хэлэлцүүлгийн явцад хоёуланг нь Ерөнхий сайд томилдог байх УИХ-ын гишүүний саналыг дэмжсэн. Энэ нь авлигын эсрэг тэмцэх боломжгүй гэж Ерөнхийлөгч үзсэн" хэмээв. Мөн АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг алба хаагчдын дийлэнх нь Засгийн газрын харьяа бүтцэд байна гэж тодотгов. Тиймээс Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, Авлигын эсрэг хуульд, "АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ-д томилгооны сонсгол хийснээр зургаан жилийн хугацаатай томилно" гэж заасан хэсэгт хориг тавьж буйг танилцууллаа. 


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын энэ сарын 27-ны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.


Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Монгол Улс сүүлийн 4-5 жилд авлигын индексээр дэлхийн улс орнуудаас 120 дугаар байрт байгааг тодотгов. Тэрбээр, "Намайг ХЗБХ-ны даргаар ажилалж байх үед 80 дугаар байрт байсан бол жил бүр 10 байраар ухарч байна. Энэ хууль батлагдсанаар, энэ индекс улам ухрах болно" хэмээв.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг тодотгов.  Үндсэн хуульд, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг нь зөвхөн Засгийн газарт байна гэж тусгасан. Тиймээс АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлт оруулсан хэмээлээ. Түүнчлэн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд найман чиг үүргийг тодорхойлсон. Үүнээс өөр чиг үүргийг хэрэгжүүлэхийг Үндсэн хуулиар хориглосон. Энэ хүрээнд, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны хууль зэрэг хуульд Ерөнхийлөгчид эрх мэдэл олгохыг хориглосон талаар дурдав. 


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, АТГ-ын даргыг томилохдоо нэг хүн биш, 76 гишүүн олон талаас нь ярьж, нийт ард түмний нүдэн дээр томилох ёстой, ингэснээр Монгол Улсад шударга ёс тогтоно гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр, "Монгол Улсын төрийн сангийн дансанд оффшорын гэсэн нэртэй ямар ч мөнгө орж ирээгүй, Ерөнхийлөгчийн хэлсэн бүгд худлаа. АТГ-ын ажилтны хоёр жилийн өмнө хэвлэлд өгсөн яриаг гаргаж ирсэн. Тухайн ажилтан АТГ-т ажиллахаа болиод удаж байгаа юм билээ. Өмнө нь өмнө нь мөнгө яригдаж байгаад одоо яагаад орж ирээгүй юм бэ гэж асуусан. Тухайн үед гадаадад мөнгөө байршуулсан байсан бизнесменүүд дансандаа аваад бизнестээ эргэлдүүлж байгаа гэдэг тайлбарыг АТГ-аас өгсөн. Оффшор данснаас Монгол Улсын Төрийн сангийн Монголбанкны дансанд нэг ч төгрөг орж ирээгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль угтсан, иргэдийн өрийг дарна гэсэн амлалтдаа хариуцлагатай хандах хэрэгтэй" хэмээв. 


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэйгээс биш сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлэв. Мөн тэрээр Үндсэн хуульд зааснаар, Авлигатай тэмцэх чиг үүргийг Засгийн газар хариуцахаар заасныг тэмдэглэж, шат шатандаа чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой гэж байлаа. 


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн тул хоригийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр, "Гэхдээ хуульчдын балгаар АТГ-т шалгагдаж байгаа нийт хэргийн 90 хувь нь хөөн хэлэлцэх хугацаанаас болж хэрэгсэхгүй болно. Харин шинээр гарч байгаа хэрэг Ерөнхий сайдын гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд байгаа. Тиймээс тэдгээр хүмүүс Ерөнхий сайдын нөлөөгөөр гэмт хэргээс мултарна. Ингэснээр, Авлигалын эсрэг тэмцэх тэмцэл доод түвшинд очно гэж үзэж байна" гэв.  


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Байнгын хорооны хуралдаанаар, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр, Ж.Сүхбаатар гишүүн АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилох нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой заасан. Үүнээс өөр бүрэн эрх олгож болохгүй. Ерөнхийлөгч болон Засгийн газрын шийдвэр гарсны дараа олон нийтэд мэддэг. Харин УИХ-аас гарч буй шийдвэр хэлэлцэх асуудал өргөн мэдүүлэхээс эхлээд, олон талын хэлэлцүүлэг явуулж ил тод байдаг. Ийм шүүлтүүрээр УИХ-аас АТГ-ын дарга, дэд даргыг томилгооны сонсгол хийж томилдог байхыг гишүүдийн олонх дэмжиж хуулийг баталсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед үндэсний зөвшилцлийн ажлын багийг Ерөнхийлөгч ахалсан. Тухайн үед Ерөнхийлөгчид 33 дугаар зүйлд зааснаас өөр эрх мэдэл олгох нь буруу гэж зөвшилцсөн" хэмээн гишүүдийн асуултад хариуллаа. 


Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Авлигын эсрэг хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн Байнгын хорооны саналыг дэмжлээ. 

Холбоотой мэдээ