Хүнсний ногооны хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-29 16:11:40

Ховд /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэх, түгээх зорилгоор Ховд аймагт зарим бизнес эрхлэгчид хүнсний ногооны хүргэлт үйлчилгээг нэвтрүүлсэн байна.  

Тодруулбал, Ховд аймагт "Бүжин" хүнсний ногооны багц худалдаанд гарчээ.

Орон нутгийн шимт хөрсөнд ургасан хүнсний ногоо болох төмс \5 кг\, лууван \3кг\, манжин \2кг\, байцаа \2 кг\, монгол сонгино \1 кг\-ийг савалж, "Бүжин" гэх ногооны багц бий болгосон байна.

Тус багц нь 15000 төгрөгийн үнэтэй бөгөөд хүргэлт үнэгүй хийх аж. Сонирхсон иргэд 89009536 утсаар холбогдож, захиалга өгөх боломжтой юм.

Өнгөрсөн онд Ховд аймгийн тариаланчид төмс, хүнсний ногооны тариалалтын талбайг 245 га-гаар нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдүүлсэн. 

Мөн нарийн ногооны төрөл, сортыг сайжруулахад анхаарч, сүүлийн хоёр жилийн хугацаанд орон нутгийн төсөвт 100 сая төгрөг батлан, тариаланчдад үр сортын дэмжлэг үзүүлсэн юм.  

Үүнээс гадна хүнсний ногооны үнэ ханшийг тогтворжуулах, бүх улиралд дотоодын ногоог хүнсэндээ хэрэглэдэг болох зорилтын дагуу аймгийн төв буюу Жаргалант суманд 1000 тонн багтаамж бүхий зоорь барьж, ашиглалтад оруулсан.  

Булган, Жаргалант, Буянт суманд жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх “Агропарк” төслийн үйл ажиллагаа эхэлсэн. Долоон суманд социализмын үед ашиглаж байсан услалтын системийг сэргээн засварласан зэрэг нэлээд ажил Ховд аймгийн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт өрнөж буй.  


Холбоотой мэдээ