Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-03 18:08:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт илгээсэн баярын илгээлтийг уламжлав.


Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар, түүний дотор энэ жил тохиож буй хоёр орон дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх, дээд, өндөр түвшний айлчлал зэрэг асуудлаар  санал солилцов.


Элчин сайд И.К.Азизов Улаанбаатар дахь Дипломат корпусын ахлагчийн хувиар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Холбоотой мэдээ