Монгол залуус англи хэл сурах боломжийг нэмэхэд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Элчин сайд М.Клечески Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол, Америкийн харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газар АНУ-тай худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Монголын залуусын англи хэл сурах боломжийг нэмэгдүүлэхэд Энхтайвны корпустай ажиллаж ирсэн туршлагыг түшиглэн хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.
АНУ-ын Энхтайвны корпус Монгол Улсад ажиллаж эхэлсний 30 жилийн ой 2021 онд тохиож байна. Мөн талууд КОВИД-19 цар тахлын үед бие биеэ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлэв.
Уулзалтын үеэр, сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Шүлц таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв. Ж.Шүлц нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурсан түүхтэй.