“Ховд шинэ эрин” тавилгын үйлдвэрийн ажилтнуудын дийлэнх хувь нь залуучууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-22 12:53:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зарим үйлдвэрлэл эрхлэгчдийг танилцуулж байна. 

“Ховд шинэ эрин” тавилгын үйлдвэрийн менежер Н.Бумбаяр 1995 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Тэрбээр ланд шафт архитектур мэргэжилтэй. Өөрийн авьяас, хүсэл сонирхолдоо тулгуурлан Ховд аймгийнхаа залуучуудыг манлайлж, орчин үеийн загвар хийц бүхий гэр ахуйн бүх төрлийн тавилга урлаж эхэлжээ.

“Ховд шинэ эрин” тавилгын үйлдвэр одоогийн байдлаар 5-6 хүнийг ажлын байраар тогтмол хангаж байна. Тус хамт олон тавилга хийх захиалга нэмэгдсэн, ачаалал их үед 8-9 хүнийг ажлын байраар хангаж, хамтран ажиллаж иржээ.

Одоо ажиллаж буй ажилтнуудын дийлэнх хувь нь 22-оос доош насныхан буюу залуу үеийнхэн байна. Тэд ажлын явцад туршлага хуримтлуулахын зэрэгцээ эрч хүч, эв нэгдлийн замаар шинийг санаачилж, хөгжүүлж буй.

Орон нутгийн иргэд шинэ тавилга хийлгэх захиалгыг ихэвчлэн үйлдвэр дээр ирж өгч байна. Мөн зарим тохиолдолд 99125501, 99524949 утсаар холбоо барих боломжтой аж.

Тус хамт олон өдгөө монгол гэр болон орон сууцанд ашиглахад тохиромжтой 40-45 төрлийн тавилга, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлээд байна.  

Иргэн Н.Бумбаяр хэлэхдээ: Анх тогтмол орлого байхгүй, хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг байлаа. Тэгээд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” үйл ажиллагаа зохион байгуулж байгаа тухай мэдээлэл сонссон. Ингээд ах Б.Гурвандаваатай хамтарч гэр ахуйн тавилгын үйлдвэрлэл явуулахаар шийдвэр гаргаж, төсөл бичиж өгсөн. Улмаар бидний бичсэн төсөл шинэлэг байдлаараа ялгарч, 10 сая төгрөгийг гурван жилийн хугацаатай хүүгүй зээлэх санхүүгийн дэмжлэг авч байлаа.

“Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” гэсэн Архимедийн алдарт мэргэн үг байдаг шиг дөнгөж ажлаа эхэлж буй бидний хувьд 10 сая төгрөг гэдэг үнэхээр том боломж, цаг үеэ олсон хэрэгтэй дэмжлэг байж чадсан. Ийнхүү бидний ажил үйлсийг дэмжиж, хамтран ажиллаж буй Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдлага, нийт хамт олонд талархал илэрхийлье. Манай хамт олон анх 62 дугаар орон сууцны 0 давхарт ажлаа эхэлж байсан. Харин одоо үйл ажиллагаа маань өргөжиж 2020 оны 7 дугаар сард Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйлдвэрийн барилгатай боллоо. Цаашид үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, аль болох давтагдахгүй, шинэ загвар хийц, орчин үеийн шийдэл бүхий тавилга урлах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Миний бодлоор залуучууд ажлын байр хайхаас илүүтэй өөрөө ажлын байрыг шинээр бий болгохоор зорьж, шинэ зүйлд тэмүүлэх нь чухал байна гэв.    

Холбоотой мэдээ