Ж.Байденыг түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч гэж Д.Трамп үзэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-01 09:17:51

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ардчилсан намын гишүүн Жо Байденыг түүхэн дэхь хамгийн муу ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа АНУ-ын Төрийн тэргүүн асан Дональд Трамп ням гарагт илэрхийлжээ.


“Ж.Байдены засаг захиргаа тааруухан байх болно гэдгийг бид бүгд мэдэж байсан ч ийм хэмжээнд муу байна гэж хэн ч төсөөлөөгүй. Орчин үеийн түүхэн дэх ерөнхийлөгч нараас Жо Байдены ерөнхийлөгчийн албыг хашсан эхний сар хамгийн сул байлаа. Байдены засаг захиргаа ажлын байр, гэр бүл, улсын хил, эрчим хүч, эмэгтэйчүүд төдийгүй шинжлэх ухааны эсрэг гэдгээ баталлан харууллаа” хэмээн тэрбээр Флорида муж улсын Орландо дахь консерватив үзэлтнүүдийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. 


“Ганцхан сарын дотор бид “Америк нэгдүгээрт” зарчмаас холдож, “Америк хамгийн сүүлд” гэсэн зарчим руу шилжин оржээ” хэмээн Д.Трамп мөн мэдэгдсэн байна. Тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссанаас хойш анх удаа ийнхүү олон нийтэд хандан мэдэгдэл хийжээ.


Газрын тосноос хараат байдал

Шинэ засаг захиргааны бодлого АНУ-ыг Оросын болон Ойрхи Дорнодын газрын тосноос хараат болоход хүргэнэ хэмээн Д.Трамп мэдэгдэхийн сацуу АНУ-ыг Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт эргэн оруулах тухай Ж.Байдены шийдвэрийг шүүмжилжээ.  


“Жо Байден илүү ашигтай гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэхгүйгээр АНУ-ыг шударга бус, маш үнэтэй хэлэлцээрт эргэн орууллаа. Хятад, Орос, Энэтхэг бус бид эрчим хүчний цэвэр нөөцөө хэрэглэж байгаа хэрнээ хэлэлцээрт эргэн орох нь ямар ашигтай гэж?” хэмээн Д.Трамп ярьсан байна. 


Түүнчлэн Канадаас АНУ-руу газрын тос дамжуулах “Keystone XL” хоолой барих төслийг зогсоох тухай шинэ засаг захиргааны шийдвэрийг тэрбээр шүүмжлэв. Үүний улмаас 42 мянган хүн сайн цалинтай ажлын байраа алдсан гэж Д.Трамп үзэж байгаа аж. 


Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа Америкийг эрчим хүчнээс хараат бус болгож чадсанаараа бахархаж буйгаа Д.Трамп мөн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ