Швейцар улс хязгаарлалтаа сулруулжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-01 14:56:29

ЖЕНЕВ. /Bloomberg/. Швейцар улс даваа гаргаас цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтаа зөөлрүүлж, дэлгүүр, музей, номын сан, амьтны хүрээлэнгүүдээ нээжээ.


Үүнээс гадна хувийн арга хэмжээнд оролцуулахыг зөвшөөрсөн хүний тоог 5-аас 15 болгож нэмэгдүүлсэн байна. Харин зоогийн газрууд 3 дугаар сарын 22-ныг хүртэл хаалттай хэвээр байхаас гадна иргэд 1.5 метрийн зай барих шаардлагыг хэрэгжүүлсээр байх аж.


Нэгдүгээр сарын 18-наас өнөөдрийг хүртэл зөвхөн хүнсний дэлгүүрүүд, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж буй худалдааны цэгүүд л үйл ажиллагаагаа бүрэн явуулж байсан аж. Даваа гаргаас эхлэн 16-гаас 20 насныхны спортын, соёлын арга хэмжээнд оролцогчдын тоонд тавьсан хязгаарлалтыг цуцалжээ.


Швейцарын Засгийн газар дараагийн удаад 3 дугаар сарын 22-нд хязгаарлалтыг зөөлрүүлэх төлөвтэй байна. Энэ талаарх эцсийн шийдвэрээ 3 дугаар сарын 19-нд албан ёсоор мэдэгдэх аж. Дараагийн үе шатанд спортын уралдаан, тэмцээнүүдийг зааланд зохион байгуулах асуудлыг хөндөж магадгүй байна. Түүнчлэн зоогийн газрууд үйлчилгээгээ гадна байрлах талбайд явуулж магадгүй байна. 

Холбоотой мэдээ