“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэлийг эрчимжүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-03-04 14:46:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Аннатай уулзлаа.

 
Хоёр улсын хамтын ажиллагааны чухал төсөл болох Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэл эхэлсэнд баяртай байгаагаа сайд З.Мэндсайхан илэрхийлээд, энэ ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаандаа дуусгахад хоёр тал анхаарах шаардлагатайг онцлов.
 
Хамтын ажиллагааны дараагийн шатны төсөлд Унгарын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн гэдгээ Элчин сайд Обрущанский Борбала Анна илэрхийлжээ.


Энэ хүрээнд Монгол Улсад худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр барих, үерийн усны менежментийг хөгжүүлэх, мөн хөдөө аж ахуйн салбарт төмс хүнсний ногооны агуулах байгуулах зэрэгт тус зээлийг зарцуулахаар төлөвлөснөө сайд З.Мэндсайхан хэллээ.
 
​Монгол Улс 71 сая толгой малтай. Үүндээ суурилан экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, улмаар хөдөө аж ахуйн экспортлогч орон болохыг зорьж байна. Иймд Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан холбогдох төсөл хэрэгжүүлэх шаардлагатайг уулзалтын үеэр С.Мэндсайхан танилцуулсан юм.
 
Тэрбээр хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг боловсролын салбарт, Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг 2023 он дуустал үргэлжлүүлж монгол залуучуудын боловсролд ач холбогдол өгч, энэ салбарт үнэтэй хөрөнгө оруулж буй Унгарын талд талархаад, салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг тус хөтөлбөрт хамруулах эрмэлзэлтэйгээ хэлжээ.

Холбоотой мэдээ