Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 4 тэрбум орчим төгрөгийн чанаргүй зээл байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-04 19:28:20

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал банкны удирдлагуудтай уулзаж, жижиг дунд үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх дэмжих зээлийн асуудлаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг баталж олон нийтэд танилцуулсан. Энэхүү төлөвлөгөөгөөр жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихийг зорьж байгаа. Мөн ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монгол банк, арилжааны банкнуудтай байгуулна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд нэн тэргүүнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг олгоно. Иймд Завхан аймагт тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалтын үеэр банкны удирдлагуудтай санал солилцсон.  

Засаг дарга хэлэхдээ: -Одоогоор Завхан аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн дөрвөн тэрбум орчим төгрөгийн чанаргүй зээл байна. Иймд дээрх зээл зорилтот бүлэгтээ хүрсэн эсэхэд хяналт шалгалт хийлгэж байгаа. Төрийн албан хаагчид болон түүний хамаарал бүхий этгээд дээрх сангуудаас зээл авсан бол эргэн төлүүлэх үүрэг өгсөн. Төр зорилтот бүлгийн иргэддээ зээл авах боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр зээлийн шалгуур үзүүлэлт илүү боловсронгуй болж, зөв хүндээ, зорилтот бүлэгтээ хүрэх. Чанаргүй зээлийн хэмжээ багасаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ард иргэдийн амьдралд бодитой үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

Харин банкны удирдлагуудын зүгээс цаашид орон нутгийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа олон улсын чиг хандлага руу чиглүүлэх. Төрийн бодлогыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, нөгөө талаас төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах. Бизнес эрхлэгчдэдээ мэдээлэл хүргэх, сургаж чадавхжуулах хөтөлбөрийг үе шаттай, үр дүнтэй зохион байгуулах. Үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлэх, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчлэх шаардлагатай байгааг онцлов.

Ташрамд дуулгахад энэхүү уулзалтын дараа аймгийн Засаг дарга орон нутгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, аймагтаа хөгжүүлж болохуйц жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд тулгамддаг олон асуудлыг сонсож хамтран ажиллахаар болжээ. 

Холбоотой мэдээ