"Эпиваккорона" вакциныг 60-аас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-05 17:46:20

МОСКВА. /RIA Novosti/. "Роспотребнадзор" буюу ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар Новосибирскийн шинжлэх ухааны "Вектор" төвд гарган авсан "Эпиваккорона" коронавирусний вакциныг 60-аас дээш настай хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ.

 

“60 болон түүнээс дээш настай хүмүүсийн дунд явуулсан энэхүү вакцины эмнэлзүйн туршилтын ІII-IV үе шат амжилттай болсон. Ахмад настай өвчтөнүүдэд үр дүнтэй, аюулгүй болохыг харуулсан судалгааны үр дүнд "Эпиваккорона" вакцин 60-аас дээш насны хүмүүсийн дунд хэрэглэх зөвшөөрлөө авлаа" гэж “Роспотребнадзор” -ийн мэдээлэлд дурдсан байна.


Одоо "ЭпиВакКорона"-гийн бүртгэлийн баримт бичигт өөрчлөлт оруулж 60-аас дээш насны хүмүүсийн дунд ашиглах боломжтой болгоно. Өмнө нь уг вакциныг хэрэглэх насны хязгаар 18-аас 60 байсан юм.


"ЭпиВакКорона" бол "Спутника V" вакцины дараа бүртгэсэн ОХУ-ын коронавирусний хоёр дахь вакцин юм. Уг вакцин нь амьд вирус агуулаагүй бөгөөд зохиомлоор нийлэгжүүлсэн уургийн /пептид/ тусламжтайгаар дархлаа үүсгэдэг байна.  Пептид вакциныг шинэ технологиор  үйлдвэрлэж буй хэдий ч иймэрхүү вакцинууд нь харьцангуй аюулгүй, гаж нөлөө бараг илэрдэггүй. Иймээс өндөр настай хүмүүст пептид вакцин илүү тохиромжтой байна.  

Холбоотой мэдээ