Хотон шувууг хамгаалахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед мэргэжлийн байгууллагууд борцгор хотон шувууг хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд анхаарал хандуулж, цахим орчинд уриалга хүргэж байна.
Ховд аймаг тэр дундаа Их нуруудын хотгорын
бүс нутагт 700 гаруй зүйлийн
ургамал ургадаг. Үүний 37 нь зөвхөн тус газарт ургадаг нэн ховор ургамал байна.
Мөн Их нуруудын хотгор
Хар-Ус нуур болон бусад нууранд 240 гаруй зүйлийн шувуу үүрэлж, өндөглөдөг. Үүний
нэг бол борцгор хотон шувуу юм. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн нутагт хотон шувуу зусаж,
үр төлөө авдаг цорын ганц өлгий бол Хар-Ус нуур.
Судлаачид Монголд борцгор хотонгийн тоо толгой 110-120 байна гэж тогтоосон байдаг. Гэтэл хотон шувууны хошуугаар хурдан морины хөлсний хусуур хийх зорилгоор зарим иргэн хууль бусаар агнаж байна.
Сүүлийн хоёр жил дараалан
Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт борцгор хотон шувуу сумны шархтай, гэмтсэн
байдалтай олджээ.
Дахиж нисэж чадахааргүй
болсон хотонг биологич Ц.Ганболд тэжээж, асарч байгаа. Энэ мэт харамсалтай тоо,
мэдээлэлд цэг тавихад иргэд, олон нийтийн оролцоо чухал.
Жишээ нь Ховдынхон хотон шувууг хамгаалах ажилд нэгдэж эхэлжээ. Энэ талаар Дэлхийн
байгаль хамгаалах сангаас мэдээллээ.
Одоогийн байдлаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Мянгад сумын харьяат, аймгийн алдарт уяач Ж.Чулуунбат тэргүүтэй хүмүүс Ховд хотын бэлгэдэл болсон "хотон шувуу"-гаа хайрлан хамгаалцгаая хэмээн цахим хуудсаар дамжуулан уриалга дэвшүүлээд байна.
Мөн борцгор хотон
шувууны амьдрах орчин болсон "эгэл нишингэ"
буюу шагшуургаа хамгаалах учиртай. Иргэд шагшуурга
зөвшөөрөлгүй
түүж бэлтгэсэн тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг хоёр нугалж төлөх
хуулийн заалт бий.