“Цахим дархан" төслийн боловсруулалтын нийтийн сонсгол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд “Цахим Дархан төсөлд иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын
дэргэдэх Иргэний танхим, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн
болон хувийн хэвшлийн IT инженерүүдээс гадна иргэдийг төлөөлөл нийт 20 гаруй
хүн оролцсон юм.
Хэлэлцүүлэгт оролцогсод “Цахим
Дархан” төсөлд тусгах шаардлагатай болон төслийн боловсруулалтын үе шат, бэлтгэл
ажилтай холбоотой саналуудаа тус бүрнээ илэрхийллээ. Тухайлбал: Мэдээлэл
Холбооны Сүлжээ ТӨК-ийн Дархан-Уул аймгийн газрын инженер Э.Мөнхбаяр: Энгийн
нэг мэдээллийн бааз бүрдүүлээд түүнийг “Цахим Дархан” төсөл гэж үзвэл учир
дутагдалтай. Тухайн төслийг хэрэгжүүлэхээсээ өмнө үндсэн суурь сүлжээ, дэд
бүтцээ бэлтгэх хэрэгтэй гэв.
Мөн аймгийн Холбооны газрын дарга
Ж.Уранчимэг: 2020 онд тус компанийн техник техногийн албанд 670 гаруй гэмтэл,
саатлын 420 гаруй нь гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд гарсан. Тиймээс төвөөс алслагдсан гэр хороололд харилцаа холбооны
хүртээмжийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч төсөлд тусгаж өгөхийг хүслээ.
Түүнчлэн аймгийн Төв номын сангийн
номын санч Г.Нямцэнд: Цахим номын санг бий болгох хэрэгтэй гэдэг саналыг
дэвшүүлсэн юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгээс өмнө төслийн
багийнханд төрийн байгууллагуудаас 26, иргэдээс цахимаар 49 санал иржээ.
Хэлэлцүүлгээс гарсан болон иргэд, ААНБ-аас ирүүлсэн ажил хэрэгч, үнэтэй санал,
хүсэлтүүдийг нэгтгэн төслийн боловсруулалтыг сайжруулахад нэмж тусгах аж.
Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Засаглалын бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтын 3.2.1.1-д “Цахим Дархан” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Уг төслийн боловсруулалтын эхний шатны хэлэлцүүлэг ийнхүү амжилттай болж салбар салбартаа мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд болон иргэд тал талын байр суурь, саналаа илэрхийллээ.



