Хятадад нойрны асуудалтай 300 сая иргэн байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-19 11:44:54

Бээжин /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3-р сарын 21-нд тохиодог "Дэлхийн нойрны өдөр"-тэй холбоотойгоор Хятад улсад саяхан хийсэн нэгэн судалгааг танилцуулжээ.

    Тус судалгаагаар Хятадад иргэдийн орлого их байх тусмаа унтах цаг нь бага байдаг гэсэн дүн гарсан байна. Харин спортоор хичээллэдэг байх тусмаа нойрны асуудалтай тулгарах нь бага байдаг байна.

    Одоогоор, Хятад улсад нойрны асуудалтай 300 сая гаруй хүн байгаа бөгөөд спортын салбарынхан дунд нойргүйдэл хамгийн бага буюу 10 хувьтай байна. Энэ нь энгийн иргэдээс 4 дахин бага үзүүлэлт болж байгаа юм.

    Хятадад сарын 3000 юаниас бага орлоготой иргэд дунджаар хоногт 8,19 цаг унтдаг бол, сарын 25 мянгаас 30 мянган юанийн орлоготой иргэдийн хувьд хоногт дунджаар 7,7 цаг унтдаг гэсэн дүн гарчээ.

    Хуульч, компанийн захирлууд, эмч гэх гурван бүлэг хүмүүс нь байнгын илүү цагаар ажилладаг учир оройтож унтдаг байна.

    Судалгаанд хамрагдсан компанийн захирлуудын 73 хувь нь нойргүйдэлтэй тулгардаг гэсэн дүн гарсан бол интернэт хэрэглэгчдийн 56 хувь нь өөрийгөө нойрны асуудалтай гэжээ.

    Хятадад насанд хүрэгчдийн 38 хувь нь нойргүйдлийн асуудалтай гэсэн бол ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд энэ үзүүлэлт 27 хувьтай байдаг юм байна. Тиймээс Хятадад энэ үзүүлэлт дэлхийн дунджаас 10 хувиар илүү байгаа юм.      

Холбоотой мэдээ