Сансрын хөлгийн барианы газар

Монголын мэдээ | Нийгэм
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-24 15:52:09
@ShoovdorBatbold

-Хамтарсан нислэгийг сурвалжилсан 40 жилийн өмнөх сурвалжлага-4-


Монгол-Зөвлөлтийн сансрын нисэгчдийг угган тосох нислэгийн удирдагчид, Монголын засгийн газрын төлөөлөгчид Ч.Түмэндэлгэр, Б.Чадраа болон эрэн хайж аврах хэсэг, шинжээчид, эмч нарын суусан хэсгийн нисдэг тэрэг Зэсказганаас өмнө зүгийг чиглэн нисэхэд Монгол Зөвлөлтийн телевизийн сурвалжпагч зураглаачид, кино ба гэрэл зурагчдын суусан нисдэг тэрэг толгойн нисдэг тэргийг бараадан араас нь ниссэн бөлгөө.


Зэсказганы нутагт бороо үргэлжлэн шивэрсээр байсан тул 700 метрийн өндөрт үүлтэй байна гэж нисдэг тэрэгний нисэгч В.Кривоносов мэдээлэв. 700 метрийн өндөрт үүлтэй байгаа тул сансрын хөлгийг алгуур зөөлөн газарт буулгах томоос том шар эрээн шүхрийн бууж ирэхийг үүл халхлаад үзүүлэхгүй нь гэж сэтгэл зовж билээ.


Харгана бутаргана шигүү ургасан, ойрхон ойрхон цөөрөм олонтой, говь нутгийн дээгүүр нисэхдээ хаврын анхны яргуйг харж явлаа. Гэтэл бидний сууж явсан нисдэг тэрэг доошилсоор буув. Багийн ахлагч доогуур үүлтэй байна, бага зэрэг хүлээх шийдвэр өглөө гэж мэдээлэв.


Бид нисдэг тэрэгнээс бууж, шиврээ борооны дараах чийг ханхалсан хээрийн зөөлөн жаварт илүүлэн, дөнгөж соёолж байгаа говийн таана, харганы нүдлэж буй ногоон бужмаг, яргуйн дэлбээг харж баахан цаг нөхцөөв. Говийн шаргалтсан өвс гар хүрэхийн аясаар үйрэн унаж буйг ажваас энд зун нь тэсэхийн аргагүй халуун болдог газар болох нь илт байв.


Алсын аянд явсан элч нь эргэж ирэхдээ бур бур бороотой, сэр сэр салхи татуулан ирдэг үлгэрийн сайхныг бодож, бидний үйлс их бүтэмжтэй байхын зөн билэг хэмээн бид сэтгэл дүүрэн хүлээж суулаа.


Удалгүй нисдэг тэрэгний ахлагч байр байраа эзлээд гэж цэргийн даргын захирангуй аясаар хэлэхэд, бид хаалгаар нь шахцалдан орж суудлаа эзлэв. Сансрын нисэгчдийн буухыг бид бараг цаг шахам хүлээж, одоо л нислэгийн сонирхолтой хэсэг эхэллээ хэмээн бодох зуур дөнгөж сая шүхэр автоматаар дэлгэгдэх чимээг сонслоо гэж нисдэг тэрэгний ахлагч Кривоносов чихэвчээ авангуут мэдээлэв. Гэвч манай нисдэг тэргэнд нисэх зөвшөөрөл өгөөгүй байлаа. Нисдэг тэрэгний хаалганы тэнд Саша Тихоморов бид хоёр зэрэгцэн сууж, зураглаач их биеэ нисдэг тэрэгний тусгай бэхлэвчтэй холбож зураг авахад бэлтгэв. Тэнд байсан сурвалжлагчид бүгдээрээ байраа эзэлж ярих, кино теле зураг авах, гэрэл зураг авахад бэлэн болсон байв. Гэтэл удаж төдөлгүй сансрын нисэгчид биднээс 15 км-ийн цаана эсэн мэнд буув гэж мэдээлэв. Нисдэг тэрэг хөөрч сансрын нисэгчдийн буусан зүг яаравчлан нисэх явцдаа цаасан дээр урдаас бэлтгэж бичсэн үгээ халаасандаа хийж, нүдэнд харагдсан болгоноо чөлөөтэй ярьж билээ.


Бетпак-дала хэмээх говь нутгийн дээгүүр бид нисч явав. Энэ бол Зэсказганаас зүүн урагш барагцаалбал 160 гаруй километрийн зайнд байна. Сансрын аян замдаа сайн явж, шинжилгээ судалгааны ажлаа амжилттай биелүүлж, эх дэлхийдээ эргэн ирж буй Монгол Зөвлөлтийн зоригт хөвгүүдээ угтан золгох баярт мөч хэдхэн минутын дараа болох гэж байна. Монгол Зөвлөлтийн найрамдлыг сансарт дархалсан Владимир Жанибеков, Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарыг эх дэлхийн торгон хөрсөн дээр баяр хөөртэй угтах явцыг бид хамтдаа цэнхэр дэлгэцээр харна. Өнөөдөр говь нутагт ховорхон болдог бороотой өдөр тохиож байна. Газрын гадаргаас борооны үүл хүртэл 700 метр зайтай байсан учир сансрын нисэгчийн суусан буугч аппаратыг зөөлөн буулгах чадвартай асар том шүхрийг харуулж чадаагүйдээ үзэгчдээсээ хүлцэл өчье.


Казахстаны тал нутаг сансрын анхны нисэгчээс эхлээд өнөөг хүртэл сансрын олон арван баатраа өөрийн торгон хөрсөн дээр эх хүний энэрэнгүй зөөлөн тэврэлтээр угтан авдаг, сансрын нисэгчдийг эх барьдаг газар нь болон алдаршсан юм. Бидний одоо харж байгаа говь нутагт нийтдээ 49 мянга гаруй жижиг нуур цөөрөм бий. Тиймээс сансрын нисэгчид хуурай газар усны аль алин дээр буусан ч аюул учрахгүй байхаар бэлтгэсэн байдаг ажээ. Бид яриагаа үргэлжлүүлж байхад нүдний үзүүрт сансрын буугч аппаратыг газарт зөөлөн буулгасан шар цоохор өнгийн аварга том шүхэр газар налран унасан байх нь харагдаж байлаа. Сансрын нисэгчид яг газарт зөөлөн буухыг нь харж амжаагүй нь нөгөө л бороо орж, борооны үүл газар шүргэх шахам дор байсан болохоор хөлгийн газарт буух аюулгүй байдлыг хангах гэж, сансрын хөлөг буух үед үйлчлэх өдий төдий нисдэг тэрэг нэлээд зайдуухан зөвхөн радио холбоо барьж байсантай холбоотой байв. Бид нисдэг тэрэгний цонх хаалгаар газарт нэгэнт буусан нисэгчид, тэднийг зөөлөн газардуулсан шүхэр зэргийн зургийг авч, сэтгүүлчид сансрын хөлгийн буусан тухай ярьсаар байлаа. Сансрын Союз-39 хөлгийн багийг угтах эрэн хайх албаны хүмүүс нэгэнт буусан сансрын нисэгчдийн орчим нааш цааш хөлхөлдөж харагдана. Союз-39 хөлгийн багийг угтан тосох ангид арав гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, газар уснаа явагч, холбоочин, цаг уурын мэргэжилтэн, инженер, техникийн ажилтан, эмч, дээд зэргийн шүхэрчин, усчин зэрэг эрэн хайж аврах мэргэжлийн хүмүүс оролцож, хөлгийн буух ажиллагааг найдвартай хангаж байна. Чухам ийн ярьж дуустал бидний суусан нисдэг тэрэг доошилсоор газар буув. Гэхдээ нөгөө нисэгчдийн буусан газар нэлээд хол харагдах агаад яарснаас болж газар нь улам холдоод байгаа юм шиг санагдаж билээ. Нисдэг тэрэгний хаалгаар бид түрүүлж гарах гэж шахцалдан, мөрөндөө үүрсэн зураглах аппарат, гартаа барьсан микрофонтойгоо богино буухиа уралдаан хийхтэй адил юм болов. Зарим нь гартаа барьсан тэмдэглэлээ салхинд хийсгэж, газар налран унасан шүхрийг тойрон гарах гэж бас цаг алдах шиг болсон. Сансрын буугч аппаратыг өргөн газарт зөөн авчирсан тэр шүхэр үлгэрийн юм шиг үнэхээр том байсан шүү. Тухайн үед яагаад ч тэр юм Зөвлөлтийн төв телевизийн сурвалжпагч Александр /Саша/ Тихомиров бид хоёрын дунд нэг зураглаач, нэг микрофон хуваарилсан тул ээлжлэн ярих шаардлага гарч билээ. Бороо гийж, салхины хүч нэмэгдсэнээс болж буугч аппарат яг дээшээ харж буугаагүй, салхинаас болж шүхэртээ чирэгдэн хажуугаараа буусан аж. Дөнгөж сая буусан Володя, Гүр хоёрыг түшлэгтэй урт модон сандал дээр зэрэгцүүлэн суулгаж, ноосон хөнжил нөмөргөжээ. Тэдний сууж буй газрын эргэн тойрныг улаан даавуугаар гортиг татан тусгаарлажээ.


Хамгаалалтад зогссон цэргүүд биднийг сансрын нисэгчдэд ойртуулахгүй, улаан гортигийн цаана бага зэрэг саатуулсан боловч Саша дургүйцэн бид түргэн ажиллах хэрэгтэй байна хэмээн улаан гортигийг алхан ороход бид бас дагалдан оров. Саша бид хоёр дундаа нэг микрофонтой тул Саша эхлээд Жанибековт дөхөж амар мэндийг нь асууж хэдэн үг солив. Микрофон сулартал би Гүррагчаатай хий л толгой дохиж мэндлэх байдалтай зогсч байв. Саша Жанибековтой ярилцахдаа сурагчийн дэвтрийн хуудас цааснаас ялимгүй бага хавтгай зэс гаргаж, энэ бяцхан зэс ялтсыг зориуд авчирсан юм. Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийн үед Зэсказган, Эрдэнэт хоёрын олборлосон зэсийн хүдрийн дээжийг нийлүүлж, хайлуулан гаргаж авсан энэ зэсийн ялтас хоёр орны найрамдлын бат бэхийг бэлгэдсэн юм гээд Жанибеков, Гүррагчаа нарт дурсгав. Одоо миний ээлж болж микрофон авч, Жанибековт дөхөж, эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирсэнд тань баяр хүргэе гэвэл,

Володя: Их баярлалаа.

Т.Галдан: Та сансрын аянд сайн явж ирэв үү? Биеийн байдал сайн уу?

Володя: Их баярлалаа. Биеийн байдал гойд сайн.

Т.Галдан: Сансарт аялаад буцаж ирсний дараахан эх дэлхийн агаар салхи ямар санагдав?

Володя: Сансрын нислэгийн дараа эх дэлхийдээ эргэж ирэхэд аливаа үнэр, төрсөн гэрийн минь үнэр шиг байдаг. Ой, хөвч уул нуруу, тал нутаг алины ч үнэр ялгаагүй сайхан байдаг юм.

Т.Галдан: Казахстаны тал говь, Монголын тал говь нутаггай тун адилхан юм. Манай говь нутагт хаврын эхний бороог бэлгэшээж “өөх тос” авчрав гэж ярилцдаг. Та Казахстаны говь нутагт сансраас бороо “авчрав”. Та Казахстанд төрсөн гэж би дуулсан, нутгийнхан үүнийг юу гэж үздэг бол?

Володя: Казахстанд хур бороог их ургац, Казахстаны  тэрбум пүү тариа авах байгалийн шим өгөөж гэж үздэг.  Казахстан бас мал аж ахуй ихтэй болохоор хур бороог мөн л өөх тос гэж бэлгэшээж үздэг. Ер нь дорно дахины ард түмэн  алс холын аянд яваад буцаж ирэхдээ бороо орохыг их бэлгэшээдэг.

Т.Галдан: Их баярлалаа. Таны аян зам, ажил үйлс тань үргэлж өлзийтэй сайхан байхыг ерөөе гээд манай сансрын нисэгч Ж.Гүррагчаатай ярилцаж эхлэх зуураа тэд буусны дараа зөндөө их удсан юм шиг санагдаж, одоо сайн явж ирэв үү? гэж мэндлэх нь нэг л цаг үе нь өнгөрсөн юм шиг санагдаж билээ. Үнэндээ минут гаруйн хугацаа өнгөрсөн ч зөндөө удсан мэт санагдсан нь үйл явдал сансрын айзмаар явж байсантай холбоотой, нөгөө талаас Зөвлөлт Монголын сурвалжлагчдын хооронд ганцхан микрофон тавьж олгосон, бас Зөвлөлтийн нисэгчтэй эхний ээлжинд ярилцлага авах дээд газрын заавартай байсан зэрэг нь хоёр нисэгчтэй ээлжлэн ярилцах шаардлагыг зайлшгүй мэт болгосон билээ.

Т.Галдан: Сансрын аяллаа амжилттай дуусгаж, эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирсэнд баяр хүргэе.

Ж.Гүррагчаа: Их баярлалаа. Та нар сайн сууж байна уу?

Т.Галдан: Баярлалаа. Таны биеийн байдал сайн уу? Аян замдаа алжаалгүй сайн явж ирэв үү? Та бүхнийг сансарт шинжилгээ, судалгаа, туршилтын ажпаа амжилттай хийгээд эх дэлхийдээ түргэн эргэж ирэхийг бид тэсгэлгүй хүлээж байлаа.

Ж.Гүррагчаа: Биеийн байдал онц сайн байна. Сансарт аялж явахдаа нутаг орныхоо талаар сонин сайхныг байнга сонсож мэдэж явлаа.

Т.Галдан: Та нар сансраас хаврын анхны бороотой цуг ирлээ. Борооны дараах тал нутгийн агаар ямар санагдав?

Ж.Гүррагчаа: Сансарт аялсны дараа Казахстаны энэ тал говь нутгийн торгон элсэн дээр зөөлөн сайхан буулаа. Буугч аппаратаас гарах үед амьсгалсан эх нутгийн агаар ой тойнд үүрд хоногшин үлдэхээр гойд сайхан байлаа. Эх дэлхийн агаар салхи өөрийн гэсэн амт үнэртэй байдгийг гойд сайн мэдэрлээ.

Т.Галдан: Их баярлалаа. Таны цаашдын ажил үйлст их амжилт хүсье.

Ж.Гүррагчаа: Их баярлалаа.


Сансрын нисэгчдийн зөөлөн газардсан тэр түүхт газраас хамгийн түрүүнд Зөвлөлт Монголын телевизийн сурвалжлагчид ярилцлага авсны дараа сонин, хэвлэл, радиогийн сурвалжлагчид ам уралдан асуулт тавьж, гэрэл зургийн аппаратаар зураг авах чимээ энд тэндгүй сонстож, монгол киноны оператор Сүхбаатар сансрын нисэгчдийг наашаа хараарай, баяр хүргээрэй, монгол кино зураг авч байна шүү гэж өндөр дуугаар бусдын анхаарлыг татаж байв.


Чухам энэ үед Монголын талаас Монгол Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн үйл ажиллагаанд оролцохоор Монголын Засгийн газрыг төлөөлөн энд хүрэлцэн ирж, сансрын нисэгчдийг эх дэлхийдээ эсэн мэнд буух үед угтан золгосон Ч .Түмэндэлгэр, Монголын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Б.Чадраа нар сансрын аян замдаа сайн явж, эх дэлхийдээ эсэн мэнд зөөлөн буусан явдалд нь тэдэнд баяр хүргэв.


Дөнгөж сая амжилттай дууссан Монгол Зөвлөлтийн хамтарсан нислэг нь хоёр орны найрамдлыг улам бататган хөгжүүлэх их үйлсийн он дарааллыг бичигг мөнхжин орох яруу тод үйл явдал мөн гэж манай хоёр орны иргэд үзэж байна. Та нарын баатарлаг энэ үйлсийг хүндэтгэн биширсний бэлгэ тэмдэг болгож, бид хоёр эрүүл энх аз жаргал, сайн сайхныг хүсэн монгол үндэстний заншлаар ажил үйлс тань арван зүгтээ дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна хэмээн ам цагаан сүүг хоёр мөнгөн аяга дүүрэн бялхуулан хийж алд цэнхэр хадаг дээр тавьж өргөн барив. Жанибеков, Гүррагчаа хоёр өөрт нь өргөн барьсан хоёр мөнгөн аяга сүүг гардан авч ууж эхэлтэл хэн нэгэн хүн тэндээс болохгүй, зөвшөөрдөггүй гэж дуулдахаар өндөр дуугаар захирангуй хэлэв. Нээрээ ч сансарт жингүйдлийн нөхцөлд олон хоног байж, тусгай зориулалтын хоол унд хэрэглэж байсан хүн газар дэлхийн татах хүчинд арай дасч амжаагүй байхдаа шууд газрын хоол хэрэглэх нь зохистой биш, бас аюултай байж мэднэ хэмээн сэрэмжлүүлсэн нь тэр байжээ.


Ж.Гүррагчаа сүүнээс бага зэрэг амсаж журам сахиж, В.Жанибеков нэг мөсөн дуустал уув. Монгол хүн хол ойрын хамгийн хүндтэй зочиндоо аяга дүүрэн сүү өгдөг уламжлалын дагуу сансарт нисээд ирсэн зочноо хамгийн дээд зэргээр хүндэлсэн нь тэр. Харин телевизийн нөхөд бид сансрын нисэгчдийн дэргэд хамгийн түрүүнд очиход, газар дэлхийдээ сайн дасч амжаагүй сансраас дөнгөж сая буусан нисэгчид ноосон хөнжил нөмрөн сандал налан сууж байхдаа нэлээд ядруу, уруул ам нь омголтсон байж билээ. Сансраас бууж ирэх замдаа агаарын өтгөн үе давхаргын 3000 хэм халууныг дайран өнгөрөхдөө сүрхий бөгчим халуун болж, цангасан мэт харагдсаныг бид ажигласан юм.


Ер нь тэгээд монголчууд бид заримдаа аливаа юмыг дутуу бодох, мартах санахаараа “түргэн жагсаал” авч тэвддэгийг нэг их зөвтгөөд баймааргүй байдгийг мөн л энэ сансрын нислэгтэй холбож ярихад бас сургамжтай байж болох юм.


Бүр анх сансрын нисэгчдийг эх дэлхийдээ эсэн мэнд буухад Монголын талын нөхөд телевиз, кино гэрэл зураг авч товчхон ярилцлага хийх зэргээр арай хөнгөмсөг хүлээж авахаар бодсон юм билээ.


Монгол Зөвлөлтийн сансрын нисэгчид сансрын нислэгээ эхэлсэн хойно эх дэлхийдээ эргэж ирэхэд нь угтан золгох, монгол үндэстний уламжлалыг эрх биш баримтлах нь зүйтэй гэсэн санаа төрж, сансарт байтугай өөр аймаг, сум, улс оронд зочлоод ирсэн өөрийн хүмүүс, гадаад орны зочин төлөөлөгчдөд хөх цэнхэр хадаг нь дээр мөнгөн аяга дүүрэн сүү тавьж өргөн барьдаг сайхан уламжлалаа тэрхэн хооронд мартсан байж. Монгол Зөвлөлтийн нисэгчид сансарт эрдэм шинжилгээний ажлаа хийж явахад газар дэлхийд, түүн дотроо Москва хотод хамтарсан нислэгийг сурвалжлахаар ирсэн нөхөд, ер нь сансрын нисэгчдийг эх дэлхийдээ эргэж ирэхэд нь монгол заншлаар мөнгөн аягатай сүүг алд цэнхэр хадаг нь дээр тавьж өгөх нь илүү их үндэсний ёс заншлын агуулгатай болно гэж санал нэгджээ.


Тэгээд Москва хотоос мөнгөн аяга, хадаг олох амархан мэт атлаа хэцүү ажил өрнөсөн юм. Москвад алба хааж байгаа монгол айл бүрийг толгой дараалан хэсч байж, нөгөө эрээд эрдэнэ мэт болсон мөнгөн аяга, хадаг хоёроо олжээ. Тэр үед Москва хотоос мөнгөн аяга олохоос хадаг олох нь илүү хэцүү байсан ажээ. Хадаг хэмээх торгомсог самбай нэг талаас Монголын ард түмний хүндэтгэл ёслолын арга хэмжээнд оролцсоор олон зуун жил болсон, нөгөө талаас тэр хадаг самбай өнөө үеийнх шиг элбэг байгаагүй нь бас л хөндлөнгийн шалтгаан байсан хэрэг. Харин санаснаас амархан эрсэн юм аа олсон юм.


Сурвалжлагч миний бие Москвагийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсны ёслолын зоог дээр миний төрөл садны хүн Дагвадорж агсан нэгэн мөнгөн аяга надад дурсгахдаа ёроолд нь миний нэрийг сийлбэрлэн бичиж өгөөд, ер нь хүнд ганц ширхэг мөнгөн аяга бэлэглэдэггүй, ижилхэн аягыг нь бас дурсгая гэж өгсөн аяга бас байсан юм. Яагаад ч юм ямар азаар юм хоёр хадаг, хоёр мөнгөн аяга манай гэрт байснаар Москва хотоос хадаг мөнгөн аяга эрэх хөл ихтэй эрэл төгсч бид Зэсказганы зүг сэтгэл амар ниссэн билээ.


Ч.Түмэндэлгэр, Б.Чадраа хоёрын Жанибеков, Гүррагчаа хоёрт өргөн барьсан дүүрэн сүүтэй мөнгөн аяга, анхандаа Монголын сансрын музейд байрлуулна гэж байсан, гэтэл Монголын сансрын нислэгийн музей гэж тусдаа байхгүй, зэвсэгт хүчний музейн нэг буланг эзлэх болсон билээ. Ингэж түүхт үйл явдалтай санамсаргүй холбогдож ‘Т.Галданд" гэсэн мөнгөн аяга цэргийн музейн сансрын нислэгийн буланд үүрд хадгалагдах болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл Ж.Гүррагчаа, В.Жанибеков хоёр эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирээд газрын ундаа тэгэх тусмаа сүү уусан түүхэн аяга болж хувирсан гэж хэлж болох ажээ.


Сансраас эргэж ирсэн хоёр нисэгчийг хүмүүс сандлаас нь түшин босгож, газар гишгүүлж сугадан түшсээр буугч аппаратын дэргэд авчрав. Буугч аппарат дотор хоёр нисэгчийн зэрэгцэн сууж байсан сандал харагдах бөгөөд хоёр нисэгчийг сандалтай тал талаас нь бэхэлсэн уяа оосор бүс зэрэг харагдах аж. Сансрын буугч аппаратыг анх сансарт хөөргөх үед ногоон өнгөөр будсан бөгөөд бууж ирсний хойно тогооны ёроол шиг хар өнгөтэй болжээ. Миний цувны халаасанд зориуд авч явсан үзүүрлэсэн шохойг гаргаж хоёр нисэгчид өгөхөд тэд буугч аппаратын бөөрөн дээр 1981 оны 3-р сарын 31 гэж бичээд гарын үсгээ зурсан юм. Ингээд хоёр нисэгчийг сугадан түшиж гэлдэрсээр нисдэг тэргэнд ойртох тутам бараг түшлэгтүй явж чадав бололтой.


Жингүйдлийн үед хүний цус толгой, цээжин биенд ихэвчлэн хуралдаж, хөлөөр цусгүй болдог тул бусдын дэмжлэггүй шууд босоод явж чаддагүй ажээ. Хамгийн энгийн ойлголтоор хэлбэл хүний хөл орших үед жиржигнэж, газар гишгиж болдоггүйтэй адил ажээ.


Бид өөрсдийн сууж ирсэн нисдэг тэргээр Зэсказганд ирэхэд хотын онгоцны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хаврын жаргах  нарны алтлаг туяанд өдрийн орсон борооны тоггоол ус энд тэнд шаргал туяа болон цацарч, үзэсгэлэнтэй сайхан харагдаж байв. Бид эндээс онгоцонд сууж Байконуурыг чиглэн одсон билээ.


Түдэвийн ГАЛДАН

(Увс аймгийн Тэс суманд төрсөн Т.Галдан нь Намын дээд сургууль, Москвагийн Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 60 орчим жил МОНЦАМЭ болон Монгол телевизэд сэтгүүлчээр ажилласан юм.

МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагчийн хувьд Т.Галдан Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг бүрэн сурвалжилсан бөгөөд 3 дугаар сарын 30-ны өдөр Ж.Гүррагчаа. В.Жанибеков нарыг эх дэлхийдээ эргэн  газардахад нь анхны товч ярилцлагыг хийж байжээ.

Тэрбээр МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, дэд захирал, тус агентлагаас үндэсний монгол бичгээр эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины Эрхлэгчээр ажиллаж байв.

Т.Галдан 2001 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртсэн юм.)


Холбоотой мэдээ