Засгийн газар цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 14.30 цагаас ээлжит бус хуралдаан зарласан тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Хуралдаанаар, Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайханы танилцуулгыг сонсож, хэлэлцэх юм.
Ташрамд дурдахад, ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн мэдээгээр, өмнөх 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 285 хүнээс коронавирус илэрсэн байна. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойших нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн их үзүүлэлт болж байгаа юм. Шинээр илэрсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод, Завхан аймагт нэг, Баянхонгор аймагт нэг, Дорноговь аймагт хоёр, Төв аймагт хоёр, Орхон аймагт гурав, Дархан-Уул аймагт долоо, Архангай аймагт хоёр тохиолдол тус тус батлагдсан байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт тохиолдол 5895 болжээ.