Монголын экспортыг нэмэхэд анхаарч ажиллахаар тохиров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-25 18:40:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Станислав Владимирович Чепурнойг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэв. Мөн Монгол Улс, Беларусь Улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2022 онд тохиохтой холбогдуулан соёлын өдөрлөг, бизнес эрхлэгчдэд чиглэсэн үзэсгэлэнг харилцан зохион байгуулахаар ярилцав.



Элчин сайд С.В.Чепурной сайд Б.Батцэцэгт Гадаад харилцааны сайдаар томилогдсонд дахин баяр хүргэж, Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явцын талаар товч танилцуулав.


Монгол Улсын экспортыг нэмэхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцов.

Холбоотой мэдээ