НҮБ-ын Хүн амын сан хүчирхийллийн эсрэг ажлаа үргэлжлүүлнэ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-26 17:22:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажил, хүчин чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлэв. Тэрбээр, НҮБ-ын Хүн амын сан нь цар тахлын улмаас үүссэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ажлын хөтөлбөрөө шинэчилж, хэрэгцээнд тулгуурласан төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, бүх түвшинд үр дүнтэй ажилласныг тэмдэглэхийн зэрэгцээ НҮБ-ын Хүн амын сангийн албаны ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.



Хатагтай К.Ишикава Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь баяр хүргээд НҮБ-ын Хүн амын сангийн хүрээнд хэрэгжүүлж буй бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт болон эх барих эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлийн хөтөлбөрийн талаар товч мэдээлэв. Мөн “Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын үндэсний гуравдугаар илтгэл”-ийн мөрөөр  гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн тэрбээр хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг зэргээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ