КОВАКС хөтөлбөрийн хүрээнд "Файзер"-ын вакцин хүлээн авах ёслол болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-26 18:52:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд "Файзер"-ын вакцин хүлээн авах ёслол өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд болов.


Ёслолын үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, донор орнуудыг төлөөлж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Христеа, олон улсын байгууллагуудыг төлөөлж ДЭМБ-ын Суурин төлөөлөгч С.Диордица нар оролцож үг хэлэв.



КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хүлээн авч буй "Файзер"-ын вакцин нь КОВИД-19 цар тахлын эсрэг хүн амаа дархлаажуулах Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дэд сайд М.Баттүвшин хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Уг хөтөлбөрт оролцогч зарим донор орнуудыг төлөөлөн Монгол Улсад суугаа Элчин сайд нарт талархал илэрхийллээ.


Ёслолд КОВАКС хөтөлбөрт оролцогч Герман, Европын Холбоо, Их Британи, Канад, Кувейт, Унгар, Япон зэрэг донор орны Элчин сайд нар болон Монгол Улс дахь Дэлхийн эрүүл мэндийн Байгууллагын Суурин төлөөлөгч, Монгол Улс дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирал нар байлцав.


Олон улсын КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу энэ оны тавдугаар сар хүртэл "Астразенека"-гийн вакцинаас 112 800 тун, "Файзер"-ын вакцинаас 25 740 тунг тус тус манай улсад нийлүүлэх юм. Одоогоор манай улс тус хөтөлбөрийн хүрээнд нийт 40 140 тун вакцин хүлээн аваад байгаа бөгөөд ирэх саруудад 98 400 тун Астразенека вакцин нийлүүлэгдэх хуваарьтай юм.

Холбоотой мэдээ