С.Амарсайхан: Уул уурхайн ажилчид хуваарийн дагуу ээлж солигдоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-26 23:10:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдааны шийдвэр танилцуулах үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан сэтгүүлчийн асуултад хариулав. 


-Өнөөдөр халдварын тохиолдол 400-г давлаа. Дараа долоо хоногт 1000 хүрнэ гэсэн эрсдэлийн үнэлгээ бий. УОК эрдэмтдийн зөвлөлийнхөө гаргасан энэ үнэлгээг хэрхэн хүлээн авч байна вэ?


-Эрүүл мэндийн салбарын яам зохих түвшинд өөрсдийн судалгаанд үндэслэж бодлого, шийдвэрээ УОК-т танилцуулж байгаа. Хамгийн зөв гэсэн шийдвэрийг гаргах нь бидний үүрэг. Тухайн зөвлөгөө, зөвлөмжид тулгуурлан шийдвэр гаргах ёстой. Эрдэмтдийн зөвлөлийн гуравны хоёр нь хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн. 


-Хөдөө орон нутгаас эүүл мэндийн үйлчилгээ авахаар ирж буй иргэнийг нийслэлд нэвтрүүлэх үү?


-Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэд гагцхүү эрүүл мэндийн яаралтай шалтгаантай бол нийслэл рүү чөлөөтэй зорчиж болно. Бусад тохиолдолд хүнс, шатахуун, эмнэлгийн хэрэгсэл, эм ханган нийлүүлэх зэрэг гарцаагүй зорчих шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэр хэвийн явна.


-Уул уурхайн ээлж энэ хугацаанд солих уу?


-Уул уурхайн ажилчдын ээлж солих асуудал, 14 болон долоо хоногийн тусгаарлах хугацаа, халдвар хамгааллын шаардлагыг хангасны үндсэн дээр зохих хуваарийн дагуу явж байгаа. 


-Цар тахалтай тэмцэж байгаа эмч, ажилчдын ачааллыг хэрхэн тооцож байна вэ?


-Халдварт өвчинтэй тэмцэж байгаа эмч, сувилагчид амаргүй нөхцөлд ээлжилж ажиллаж байна. Тэдний ачааллыг багасгахаар хөдөө орон нутгаас эмч сувилагч татан оролцуулж байна. Орон нутгийн мэргэжилтнүүдийг дадлагажуулж байгаа. Мөн резидент эмч, хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж байна. 

     

Холбоотой мэдээ