Нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх хугацаатай үүрэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-02 12:56:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн компаниудын ажилтай өнөөдөр танилцах үеэр, ойрын гурван жилд автобусны 75 хувь нь үйлчилгээнээс хасагдах мэдээллийг Нийслэлийн удирдлагууд өгч байна. 


Тэрбээр "КОВИД-19" цар тахлын нөхцөлд байдалд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжийн халдвар хамгаалал болон тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж тодорхой үүрэг чиглэл өгөв. Энэ хүрээнд “Эрдэмтранс” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус өглөө баазаасаа хөдлөхийн өмнө бэлтгэл ажил, ариутгал, халдваргүйтгэл хийх процесс, автобусны хүрэлцээ хангамжтай танилцсан юм. Тус компанийн хувьд цар тахлаас үүдэн өдрийн орлого эрс багассан гэдгийг удирдлагууд нь дурдаж байв. Тухайлбал, цар тахалгүй үед өдөрт 20 орчим сая төгрөгийн орлоготой байсан бол одоо 7-8 сая төгрөг төвлөрдөг болжээ.



Статистик мэдээгээр, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн санд их багтаамжийн 1148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси нийт 1 822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс өдөр тутамд шугамын үйлчилгээнд 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна.



Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Нийтийн тээвэр нь халдвар тархах хамгийн эрсдэлтэй орчнуудын нэг. Тиймээс халуун хэмжигч байрлуулах, ариутгал халдваргүйтгэлийг сайн хийх хэрэгтэй. Дархлаажуулалт дуусах хүртэл халуун хэмжигч зайлшгүй шаардлагатай” гэдгийг хэлсэн юм. Мөн ирэх даваа гаргаас өглөө, оройны замын хөдөлгөөний ачаалалтай үед Төрийн өмчит үйлдвэрийн газрын автобусуудыг нийтийн тээвэрт явуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүн хоорондын зайг сайтар сахиулах чиглэл өгөв. Гэхдээ үүнийг хийхдээ компаниудын орлогод дарамт болохгүйгээр зохицуулалтыг хийх ёстой" хэмээлээ.



Үүний дараа нь "Зорчигч тээврийн нэгтгэл" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын автобусны бүртгэл, хяналтын цэг, засварын станц болон цахилгаан автобусны цэнэглэх процесстой танилцав. 



Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн, автобусны парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэж байлаа. Одоо хөдөлгөөнд оролцож байгаа нийт автобусны 60 гаруй хувь нь буюу үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдаж байгаа юм байна.


Нийслэлийн удирдлагуудын мэдээгээр, өнөөдрийн нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй байгаа автобус, троллейбусны 524 буюу 45 хувь нь ашигласан хугацаагаар энэ онд үйлчилгээнээс хасагдах юм. Үүнээс 246 буюу 47 хувь нь нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл багтаж байгааг тэмдэглэв. Иймд ойрын гурван жилд автобусны 75 хувь нь үйлчилгээнээс хасагдахаар байгаа тул дээрх тооны тээврийн хэрэгслээр эхний ээлжинд яаралтай парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа юм байна.



Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэл, нийтийн тээврийнхэн нэгдсэн судалгаа, тооцоолол гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулах 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Мөн  нийтийн тээврийн нэгдсэн удирдлагын системтэй болгох, парк шинэчлэлтийг цогцоор хийх шаардлагатай хөрөнгийн асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн  сайд Б.Жавхлан, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нарыг тодорхой тооцооллоо гаргаж танилцуулах чиглэл өгөв. “Оюу Толгой” ХХК-ийн татварын актын дагуу орж ирсэн 356 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв рүү шилжүүлсэн. Энэ хөрөнгийг нийтийн тээврийн цогц шинэчлэлд зарцуулах боломжтой” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ