Хөлөнбуйрын постоор орж ирж байгаа иргэдээс төлбөртэй шинжилгээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-05 18:33:02

Дорнод /МОНЦАМЭ/. Хөлөнбуйрын постоор орж ирж байгаа иргэдээс түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ авч байна. Учир нь Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар түргэвчилсэн шинжилгээг 15 мянган төгрөгийн төлбөртэй хийхээр болжээ.

Тиймээс энэ сарын хоёрны өдрөөс эхлэн 13Б маягт, буяны ажилд оролцохоос бусад тохиолдолд шинжилгээг төлбөртэй авч байгаа юм. 

Сүхбаатар, Хэнтий зэрэг бусад орон нутгаас хүндэтгэх шалтгаантай зорчин ирж байгаа иргэд PCR шинжилгээ өгөх боломжгүй учир Хөлөнбуйрын пост дээр ийнхүү түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч буй нь эрсдэлийг багасгана гэж эмч нар хэлэв. Түүнчлэн иргэд нийслэл хотод PCR шинжилгээ өгсөн ч гэсэн тус пост дээр түргэвчилсэн төлбөртэй шинжилгээ өгөх шаардлагатай гэдгийн тодотголоо. Шинжилгээний хариу 15 минутад гарч байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус пост дээр нийт 51 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ.

Холбоотой мэдээ