ОХУ, АНУ харилцааны шинэ шатанд гарах боломжтой

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-15 15:23:06

МОСКВА. /Kommersant/. Орос, Америкийн сөргөлдөөн илүү ширүүсэх үед энэ байдлыг эхлүүлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, стратегийн тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэж, гуравдагч оронд уулзахыг санал болгов. АНУ-ын санаачилгаар талууд утсаар ярьсан нь хоёр улсын зэвсэгт мөргөлдөөний аюул заналхийллийг багасгаж, хурцадмал байдлыг намжаах хамгийн чухал алхам боллоо. Сөргөлдөөнийг намжааснаараа цөмийн хоёр том гүрэн харилцааны шинэ хэв маягт орох боломжтой болж байна.


Ярианы хоёр өөр хувилбар

Ж.Байден, В.Путин нарын утсаар ярьсан тухай мэдэгдэл хэвлэл мэдээллээр цацагдсан нь аль аль талдаа гэнэтийн байв. Энэ явдлаас 48 цагийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “NBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ Оросыг дахин сүрдүүлсэн юм. Орос улс 2014 оноос хойш хамгийн их тооны цэргээ Украинтай залгаа хилд төвлөрүүлсэн талаарх мэдээлэлд тайлбар өгөх үеэрээ тэрбээр ийнхүү мэдэгджээ.


“Орос улс түрэмгий, хариуцлагагүй авирласан хэвээр байх уу гэдэгт асуудал байна. Хэрэв тийм бол үүнийхээ төлөөсийг төлж, үр дагаврыг нь амсана гэдгийг ерөнхийлөгч ойлгуулсан. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хүрнэ гэдэгт найдаж болно” хэмээн Блинкен НАТО-гийн төв байранд айлчлахынхаа өмнө ярьжээ. Айлчлалын үеэр тэрбээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины хамтаар НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, эвслийн бусад улсын сайд нартай уулзаж, Оросыг тогтоон барих арга замуудыг хэлэлцэх гэж байсан юм.


Хүчин чармайлтаа илт үгүйсгэж буй мэт харагдахгүйн тулд Ж.Байден Оросын эрх баригчидтай өрнүүлдэг харилцааны эмзэг цэгүүдийг хөндсөн юм.


Тухайлбал, америкийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцож, кибер халдлага үйлдсэний хариуд үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаалахаа тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн Украины сэдвийг хөндөхдөө тус улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ онцлохын сацуу хурцадмал байдлыг намжаахыг ОХУ-д уриалав. Тийнхүү тэрбээр Донбасс дахь дайны өмнөх нөхцөл байдалд Украины эрх баригчдыг бус Оросыг буруутгасан байр суурийг тууштай баримтлахаа батлан мэдэгдсэн байна.


Кибер халдлага, Донбассаас гадна хоёр улсын удирдагчдын хооронд өөр нэгэн яриа байсан. “Тэд бүс нутаг, олон улсын асуудлууд тэр дундаа хоёр улсын стратегийн тогтвортой байдлын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг зорьж буйг хэлэлцсэн” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд цохон тэмдэглэж, энэ яриа хэлэлцээнд зэвсэглэлд хяналт тавих, аюулгүй байдлын салбарын шинэ асуудлуудыг хөндөх ёстойг дурдав.


“Ерөнхийлөгч Ж.Байден ОХУ-тай АНУ-ын ашиг сонирхолтой нийцсэн тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц харилцааг бий болгох зорилготойгоо мэдэгдээд хоёр улсын өмнө тулгамдаж буй асуудлыг бүх талаас нь хэлэлцэхийн тулд гуравдагч улсад ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг санал болгосон” хэмээн мэдэгдэлд мөн дурджээ.


Харин Кремлийн хэвлэлийн алба мэдээлэхдээ, “Талууд Орос, Америкийн харилцааны өнөөгийн байдал, олон улсад тулгамдсан зарим асуудлыг нухацтай хэлэлцсэн. Орос, Америк төдийгүй олон улсын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцэх олон улсын аюулгүй байдлыг хангах чухал чиглэлүүдээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн буйгаа талууд илэрхийллээ. Түүнчлэн Ж.Байден стратегийн тогтвортой байдлыг хангах, зэвсэглэлд хяналт тавих, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чухал асуудлуудаар тогтвортой хамтын ажиллагааг бий болгох сонирхолтой буйгаа илэрхийллээ” гэжээ.


Янз бүрийн дохио  

В.Путинтэй уулзах Ж.Байдены санаачилга биеллээ олбол Барак Обамагийн засаглалын сүүл үеэс эхэлж, Д.Трампын засаг захиргааны үед үргэлжилсэн Орос, Америкийн харилцааны хурцадмал байдалд эргэлт болж магадгүй юм.

 

Оростой харилцах харилцааны ач холбогдлыг онцолдог байсан Д.Трамп  засгийн эрхэнд байх дөрвөн жилийн хугацаандаа В.Путинтэй албан ёсоор ганц ч удаа дээд хэмжээний уулзалт хийж байгаагүй. Хоёр улсын удирдагчийн 2018 оны зун Хельсинкид хийсэн уулзалтыг “дээд хэмжээний уулзалт” гэж нэрийдэх тохиолдол цөөнгүй ч хатуухан хэлэхэд энэ уулзалт нь урт хугацааны бэлтгэл базаасан, багц баримт бичгүүдэд гарын үсэг зурах боломжийг олгосон өндөр дээд түвшний уулзалт байгаагүй юм. Хельсинкид болсон уулзалтад талууд нэг ч гэрээнд гарын үсэг зураагүй.


Д.Трамп явсны дараа түүнийг дэмждэг байсан Оросын улс төрч, шинжээчдийн дийлэнх нь Ж.Байдены удирдлага дор хоёр улсын харилцааны хурцадмал байдал чанарын хувьд шинэ шатанд гарна гэж таамаглажээ. Ж.Байдены Цагаан ордонд ажилласан эхний хоёр сар эдгээр таамаглалыг батлах шиг болов.


Гуравдугаар сарын дундуур Ж.Байден “АВС” телевизид ярилцлага өгөх үеэрээ Путинийг "алуурчин" гэж үздэг эсэх талаар асуухад тийм гэж хариулсан юм. Үүний дараа хоёр улсын харилцаанд урьд өмнө нь байгаагүй дуулиан шуугиан дэгдсэн хэдий ч удалгүй АНУ-ын засаг захиргаа харилцаандаа үүсгэсэн дуулианыг намжаах болсон юм.


Ж.Байден өөрөө Оросыг “тоож харьцахыг” ЕХ-ны түншүүддээ уриалж, дөрөвдүгээр сард цахим хэлбэрээр болох уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад В.Путинийг урьжээ.


Үүнээс гадна тухайн үедээ шаардлагатай нөхцөл бүрдэх үед В.Путинтэй биечлэн уулзахад бэлэн буйгаа ойлгуулсан юм. Мөн энэ үед ОХУ дахь АНУ-ын элчин сайд Жон Салливан нутаг буцах бодолгүй байгаагаа мэдэгджээ. Эдгээр дохиог нь Орос анзаарахгүй өнгөрч чадсангүй. Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ