ШЕЗ, ШСХ-ны гишүүнд нэр дэвшигчдийн илтгэгч гишүүнийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-15 21:53:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн болон Шүүхийн сахилгын хороо /ШСХ/-ны гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын багийн ээлжит хуралдаан өнөөдөр цахимаар боллоо.


Ажлын багийн энэ сарын 07-ны хуралдаанаар сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн нийт 53 нэр дэвшигчийг бүртгэсэн. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар "Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу дээрх нэр дэвшигчдийн Илтгэгч гишүүнийг томилов. Ингэхдээ, Ажлын багийн гишүүдэд тэнцвэртэй байдлаар нэр дэвшигч нарыг тохиолдлын журмаар буюу сугалаагаар тодруулан илтгэгч гишүүнийг томилсон. Ингэснээр, сонгон шалгаруулах ажлыг хараат бусаар явуулах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.


Илтгэгч гишүүн нь тухайн нэр дэвшигчийн бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг нягтлах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, сонирхсон этгээдээс ирүүлсэн асуулт, саналыг судлахаар болов. Ингэхдээ, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баримт, мэдээлэл гаргуулан авах, нэр дэвшигч хуульд шаардлагыг хангаж буй эсэхийг тодруулах зорилгоор түүний талаар мэдээлэл өгөх боломжтой хүнтэй ярилцлага хийх зэргээр тухайн нэр дэвшигчийн талаар дэлгэрэнгүй тайлан бичих юм. Уг тайлангаа Ажлын багт танилцуулахаар тогтов.


Хууль зүйн байнгын хорооноос Ажлын багийн гишүүдэд Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны сонгон шалгаруулалтын үзэл баримтлал, агуулга зарчмыг танилцуулав. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын агуулга, зарчмын талаар сургалтыг зохион байгуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 


Хуралдааны үеэр Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэхдээ,  “Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх тогтолцоог бүрдүүлж, шүүгчийн дээр зөвхөн хууль байж, хуулиа баримталж шийдвэр гаргадаг шударга засаглалыг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал” гэдгийг тодотгов. 


Түүнчлэн Ажлын багаас Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж холбогдох санал, мэдээллээ ирүүлэхийг хүссэн. 


1.НЭР ДЭВШИГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ - http://parliament.mn/n/wasyn 


2. ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ http://www.parliament.mn/n/irion 


3. АСУУЛТ, САНАЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ - Galsanbatb@parliament.mn Утас: 51-267155, 51-262727

Холбоотой мэдээ