Халдварын эрсдэлийг сэрэмжлүүлэх аппликейшн даваа гаргаас хэрэглээнд нэвтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-16 16:41:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдвартай иргэний ойрын болон дам  хавьтал болсон эсэх талаарх сэрэмжлүүлэх аппликейшныг энэ сарын 19-нөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон.


Энэ асуудлын хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон Google компанийн төлөөлөл Алехандро нартай  цахим уулзалт хийв. 



Apple болон Google компани коронавируст халдварын эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор "Covid -19  ERSDEL" аппликейшныг хөгжүүлж өгч байгаа юм. Одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн уг системийг ашиглаж байна. Энэхүү системийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн  мэргэжлийн байгууллагууд хамтран  бэлтгэл ажлыг хангаж байна.


Одоогийн нөхцөлд иргэд халдвартай хүний дам хавьтал болсноо мэдэхгүй байгаагаас үүдэн халдвар тараах, өвчнөө хүндрүүлэх зэрэг асуудал үүсэж байгаа аж.  



Энэхүү аппликейшныг гар утсандаа суулган bluetooth -ээ  асааж  ашигласнаар тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо  гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьтлуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм.


Тус аппликейшы онцлог нь халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршил хадгалагддаггүй, бусдад дамжуулахгүй гэдгээрээ онцлогтой юм. 



Covid -19  ERSDEL аппликейшныг ашиглахын тулд iphone гар утасны хэрэглэгч бол тусгайлан программ татахгүй, Андройд үйлдлийн системтэй гар утастай бол ирсэн мессежийг идэвхжүүлэн тусгай АПП татан авч,  Bluetooth- ээ байнга асаалттай байлгаснаар, халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэрэмжлүүлэх боломжтой юм. 

Холбоотой мэдээ