Их гүрнүүдийн хүчний нөлөөг жижиг орнууд хэрхэн даван туулах вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-16 23:14:22

ВАШИНГТОН. /The Time/. 2014 оны наймдугаар сард Цахиагийн Элбэгдорж Ши Жиньпинтэй хамт оройн зоог барьжээ. Хятадын төрийн тэргүүнийг хэрхэн хүлээн авах талаар түүний төлөөлөгчид Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгчид өмнө нь тайлбарласан боловч биелүүлэхэд хүнд даваа байв. “Монголд бидэнд бүжиглээд байх олон өрөө байхгүй шүү дээ” гэж Ц.Элбэгдорж инээн хэлэв.


Түүний хувьд харин ч илүү даруу төлөв байлгахыг зорьжээ. Ц.Элбэгдорж, Ши Жиньпин нар гэргий нарынхаа хамтаар нийслэл Улаанбаатар хотын зүүн урд хэсэгт оршдог ерөнхийлөгчийн өргөөнд Монголын үндэсний хоол болох шарсан мах, бяслаг, бууз зооглов. Энэхүү нам гүм орчинд хоёр орны удирдагчид хэд хэдэн эмзэг асуудлыг хөндөн ярилцсан юм хэмээн Ц.Элбэгдорж хэллээ. Талууд Монгол угсаатнуудыг Монгол, Өвөр Монголын хооронд чөлөөтэй зорчуулах боломжийн талаар хэлэлцжээ. Мөн Хятадын үндсэрхэг үзэлтнүүд Монголыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад уусгахыг уриалдаг талаар ярилцаад зогсохгүй Бээжинд үймээн самуунд өдөөн турхирагч гэгддэг боловч Монголын буддын шашинтнуудын шүтдэг Төвөдийн шашны тэргүүн Далай ламын талаар хүртэл хэлэлцсэн байна.


“Энэ бүхэн маш гайхалтай байсан. Дараа нь, Ши Жиньпин БНХАУ Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ гэдгээ манай улсын парламентад үг хэлэх үеэрээ мэдэгдсэн. Энэ үг бидэнд маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм” гэж Ц.Элбэгдорж Америкийн “TIME” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.


Ц.Элбэгдорж 2009-2017 онд Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа Ши Жиньпинтэй 30 орчим удаа уулзжээ. Энэ хугацаанд хоёр талын харилцаа энгийнээс 2014 онд стратегийн иж бүрэн түншлэл болтлоо хөгжин дэвшсэн байна. Түүнээс нэг жилийн дараа Ши Жиньпин хоёр талын харилцаа “түүхэнд байгаагүй сайн түвшинд” хүрснийг сайшаажээ.


Харин өнөөдөр Ц.Элбэгдорж бүс нутагтаа Хятадыг хурцаар шүүмжлэгчдийн нэг болжээ. Энэхүү бүс нутагт ингэж дугарах эрх мэдэлтэй хүн тун цөөн байдаг. Энэ бүхэн Өвөр Монгол дахь Монгол хэл, соёлыг хязгаарлах Бээжингийн түрэмгий шийдвэрүүдээс үүдэлтэй байна.


Аризона муж улсыг бараг дөрөв нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний нутаг дэвсгэртэй элсэн манхан, бэлчээрээс цогцлон бүрдсэн Өвөр Монгол нь таван сая орчим хүн амтай. Энэ нь Монголын нийт хүн амаас 50 орчим хувиар илүү оршин суугчтай гэсэн үг юм. Өвөр Монголд өнгөрсөн есдүгээр сарыг хүртэл сургуулийн хүүхдүүдэд хичээл заах үндсэн хэл нь монгол хэл байв. Харин түүнээс хойш суурь хичээлүүдийг мандарин хэлээр заах шинэ чиглэл ирсэн нь монгол хэлийг устаж үгүй болох аюул нүүрлүүлж байна гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Бээжингийн хувьд Монголын соёлыг бүрэн хүндэтгэдэг хэмээгээд, мандарин хэлийг сайн эзэмших нь төгсөгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэж мэдэгдсэн байна. Гэвч энэ шийдвэрийн улмаас Өвөр Монголын нийслэл Хөх хотод тэр бүр гараад байдаггүй эсэргүүцлийн жагсаал өрнөж, хожим нь түүнийг хүчээр таслан зогсоожээ.



Ц.Элбэгдорж Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан Ши Жиньпин рүү илгээсэн захидалдаа, “Монгол үндэстнийг бие даасан үндэстний хувьд хэл бичгээр нь уусган устгах нөхцөл рүү хөтөлсөн харгислал өргөжиж буйд тун их санаа зовниж байна” хэмээн бичжээ. /Энэхүү захидлыг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх сануулгатайгаар буцаажээ/


Монгол соёл, уламжлал аюулд орсон нь Ц.Элбэгдоржийн хувьд мэдээ төдий зүйл биш байв. Тал нутагтаа тэмээний ноосоор хийсэн гэрт төрж өссөн тэрбээр малчин айлын найман хүүгийн хамгийн отгон нь юм. Түүнийг нас биед хүрэх үед цэргийн зарлан ирж, Монголын армид татагдсан бөгөөд социализмын алдар сууг магтан сайшаадаг цэргийн сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнээр Украинд сэтгүүл зүйн чиглэлээр суралцах тэтгэлэг хүртжээ.


Улаанбаатарт эргэн ирснийхээ дараа тэрбээр сэтгүүлчээр ажиллаж, Монголын шинээр байгуулагдсан ардчиллын хөдөлгөөний манлайлагчдын нэг болжээ. 1990 оны ардчиллын тайван хувьсгалын дүнд Монголд 70 жил үргэлжилсэн дэглэмийг халсан юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан Ц.Элбэгдорж Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд суралцаж, Вашингтон хот дахь “Radio Free Asia” хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байжээ.


“Монгол хүүхдүүдэд маань эх хэл, монгол бичгийг нь сургахгүй байна гэдэг бол Монгол угсаатны асуудал, тиймээс надад ч мөн адил хамаатай. Би Монголдоо хайртай” гэж тэрбээр хэлэв.


Монгол Улсад тулгамдаж буй бүс нутгийн сорилтууд

БНХАУ бүс нутагтаа түрэмгий бодлогыг баримталж, эдийн засгийн хувьд тус гүрэнтэй улам их хамааралтай болсон жижиг орнууд сөрөн зогсоход хүндрэл учраад буй үед Ц.Элбэгдорж урд хөршөө чиглэсэн тэс өөр байр суурийг баримтлах болжээ. /Одоогоор БНХАУ нь Монголын нийт экспортын 90 орчим хувийг худалдан авч байна/. Дэлхий дахин Вашингтон, Бээжинг даган өрсөлдөгч талууд болон хуваагдаад буй энэ үед монголчууд ардчиллын үнэт зүйлс, хөгжил цэцэглэлтийн алийг нь сонгох вэ?


Монгол Улс Умард Атлантын гэрээний байгууллагын /NATO/ “Даян дэлхийн түнш” /Япон, Шинэ Зеланд зэрэг орны хамт/, мөн БНХАУ, ОХУ-ын тэргүүлдэг Евразийн аюулгүй байдлын интеграци болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /SCO/ ажиглагчийн статустай болсноор тэнцвэрийг хадгалж байна. Гэвч “Хятадын олон хөршийн нэг Монгол шиг улсын хувьд ямар эрсдэлтэй вэ гэвэл дайсагналын эрсдэл нэмэгдсэн тохиолдолд ийм улс аль нэг талыг сонгохоос өөр аргагүйд хүрдэг. Учир нь Монголын хувьд эдийн засгийн хамаарлынхаа улмаас Хятадын нөлөөнөөс зугтах арга зам үгүй юм” гэж “British Columbia” их сургуулийн профессор Жулиан Диркес ярилаа.


Монгол Улс Далай ламд хэрхэн хандсан нь Бээжингийн нөлөө ямар байгааг илтгэн харуулсан. Түүний Далай лам хэмээх цол нь Монголоос гаралтай. Тодруулбал, монголчууд 1581 онд Далай ламыг өргөмжилж, түүнээс хойш нийтээрээ хүндэтгэсээр иржээ. Харин Далай лам Монголд 2016 онд айлчилсны дараа Бээжин тус улсын экспортод татвар ногдуулсан бөгөөд энэ явдлаас хойш түүнийг дахин уриагүй байна.



Ирэх зургаадугаар сард явуулахаар товлоод буй ерөнхийлөгчийн сонгуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэхийн тулд Хятад, Орос чадах бүхнээ хийж байгаа тул энэ сонгуульд стратегийн хатуу чиг шугам баримтлах нь тун чухал байна гэж Ц.Элбэгдорж хэлжээ.  


Одоогийн Ерөнхийлөгч, бөхөөс бизнес эрхлэгч болсон Халтмаагийн Баттулгын хувьд Монголын байгалийн баялгийн нөөцийг гадаадын фирмүүд цөлмөж буйд хилэгнэсэн олон нийтийн саналыг авч 2017 онд сонгогджээ. Х.Баттулга Чингис хааныг өөрийн шүтээн хэмээн нэрлэдэг ч энэ өдрүүдэд өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг илүү дуурайж байгаа бололтой. Мөн түүний олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Genco” компани нь “Загалмайлсан эцэг” киноны хамгийн нөлөө бүхий хүн болох Вито Корлеонын оливын тосны компанийн нэрээр нэрлэгджээ.


Хятад, Оросыг Монголын аюул занал гэж харвал...

АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх нь Монголын “гуравдагч хөршийн бодлогын” гол чиглэл байсаар иржээ. 13 дугаар зууны үед дайчдаа өрнө зүг рүү илгээн дэлхийн хамгийн өргөн уудам нутагтай эзэнт гүрнийг байгуулж байсан тус улс 2003, 2009 онд АНУ-ын Ирак, Афганистан дахь ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс цэргээ илгээсэн юм. Гэвч Ц.Элбэгдорж “хүний эрх, эрх чөлөөг дээдлэх Америкийн нийтлэг үнэт зүйлсийн” талаар ярьж байгаа ч АНУ эргээд Москва, Бээжинтэй сөргөлдөхгүйгээр Монголд хэрхэн үр дүнтэй дэмжлэг үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байна" гэв.


Ц.Элбэгдорж цааш нь “Монгол Улс нь БНХАУ-ын ар нуруунд, ОХУ-ын элгэнд оршдог стратегийн ач холбогдол бүхий байршилтай орон юм” хэмээн хэлээд инээв.


Мөн Монгол Улс нь эдийн засгийн хүнд сорилтуудтай тулгарч байна. Тухайлбал, 2000-аад оны эхээр түүхий эдийн ханш, тэр дундаа Монголын арвин нөөц бүхий алт, зэсийн үнэ огцом өссөнөөр тус улс нь богино хугацаанд дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засгаар нэрлэгдэж байв. Ийнхүү Хойд Америк, Европын “тоос шороонд дарагдаад байсан” хайгуулчид Улаанбаатарын тансаг шөнийн цэнгээний газруудын үнэтэй дарснуудыг залгилж орхив. Харин байгалийн баялгаас үүдэлтэй эдийн засгийн тэсрэлт богино хугацаанд л үргэлжилж, 2017 он гэхэд Монгол Улс санхүүгийн дэмжлэг хүсэхээр Олон улсын валютын санг зорихоос өөр аргагүйд хүрчээ.


Иймээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг цөөн тооны түүхий эд рүүгээ зориулж, эдийн засгаа төрөлжүүлж чадаагүйн улмаас “баялгийн хараалд” өртсөн орнуудын тоонд Монголыг оруулах нь зүйтэй байж болох юм. Гэвч Монгол Улс нь зөвхөн түүхий эдийн ханш гэлтгүй Хятадаас шууд хамааралтай буюу “давхар барьцаанд ороод байна” гэж профессор Ж.Диркес хэлэв.


Эл нөхцөл байдлыг “COVID-19” цар тахал улам тодотгон харуулжээ. Хэдийгээр Монгол Улс хямралыг харьцангуй сайн даван туулж, халдварын 12 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас бараад байгаа боловч халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдэж эхэлж байгаа юм. БНХАУ-ын хувьд мэдээж вакцин хандивлаж, худалдаалжээ.



МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш Д.Оюунсүрэнгийн хэлснээр, “манай хөрш орнууд вакцины дипломат ажиллагаагаар дамжуулан Монголын сонгуульд нөлөөлөхийг оролдож байна” гэж олон хүн үзэж байгаа ажээ.


“Монголын улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаандаа асар их хэмжээний хөрөнгө зарцуулдаг бөгөөд түүний зарим хэсгийг Орос, Хятадаас ирдэг байж магадгүй гэх таамаг олон нийтийн дунд байдаг ч намуудын санхүүжилт ил тод байдаггүй учир ийм мэдээллийг батлахад бэрх. Монголд авлига газар авч, ардчилал ганхах болсон томоохон шалтгаануудын нэг нь энэ юм” гэж тэрбээр хэлжээ. /Одоогийн байдлаар Монгол Улс нь “Transparency International” байгууллагын авлигын индексээр 111 дүгээрт бичигдэж байна/


Ц.Элбэгдоржийн хувьд ч улс төрийн бохир тэмцлээс ангид нэгэн биш юм. Тэрбээр одоо авлигын хэрэгт сэжиглэгдээд зогсохгүй 2012 онд улс төрийн өрсөлдөгчөө хээл хахуулийн хэргээр хорьсон гэх АНУ, НҮБ-ын шүүмжлэлд өртөж байсан юм. Түүнээс одоо холбогдоод буй нөхцөл байдалд нь өөрийнх нь оролцоо бий эсэх талаар асуухад хариулахаас бултсан ч эрх мэдэлтнүүд гэмт этгээдийг олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.


Ц.Элбэгдоржийг үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш Монголын хөрш орнууд улам хатуу чиг шугамыг баримтлах болжээ. Ши Жиньпиний хувьд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг цуцалснаар насаараа эрх барих боломжтой болсон бол В.Путин үүрэгт ажлаа 2036 он хүртэл гүйцэтгэхийг зөвшөөрсөн баримт бичигт саяхан гарын үсэг зуржээ. “Манай улс ганцхан хөрштэй болж буй мэт санагдаж байна. Хятад, Орос нь Монголын эргэн тойронд оршдог нэг улс шиг болж байна” гэж Ц.Элбэгдорж хэлжээ.


Мөн “Энэ бол амар зохицуулагдах нөхцөл байдал биш. Бид ардчиллаа хадгалж авч үлдэхийн төлөө өдөр бүр маш хүнд сорилттой тулгарч байна. Монгол Улс оршин тогтнохын төлөө тэмцэж байна” гэв. 


Энэхүү нийтлэлийг Америкийн "TIME" сэтгүүлд Зүүн Азийн талаар нийтлэл хэвлүүлдэг сэтгүүлч Чарли Кэмпбелл бичжээ. 

Холбоотой мэдээ