“ASEAN” Мьянмарын асуудлаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-21 09:49:40

ЖАКАРТА. /VOA/. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /ASEAN/ Индонезийн нийслэл Жакарта хотноо энэ долоо хоногийн бямба гарагт болох дээд хэмжээний уулзалтынхаа үеэр Мьянмарт үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.  


Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Мьянмарын цэргийнхэн бүх нийтийн сонгуулиар сонгогдсон удирдагч Аун Сан Су Чиг түлхэн унагаж, ардчиллыг эргүүлэн тогтоохыг хүссэн жагсагч, иргэдийн эсрэг хүч хэрэглэх болсноор эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм.


Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэж эхэлснээс хойш 738 хүн амиа алджээ. Мөн мягмар гарагт зургаан иргэн амиа алдсаныг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.


ASEAN”-ы харилцан зөвшилцөх, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмууд нь гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хязгаарладаг боловч холбооны гишүүн орнуудын дийлэнх нь төрийн тэргүүнийхээ оронд төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


Тухайлбал, дээд хэмжээний уулзалтад Тайландын Ерөнхий сайд Прают Чан-очагийн оронд Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дон Прамудвини оролцох ажээ. Мөн өөр хэд хэдэн орон Гадаад хэргийн сайд нараа илгээнэ гэдгээ мэдэгдсэн байна.


Мьянмарын цэргийн хунтын гишүүд уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа боловч хунтын тэргүүн Мин Аун Хлаин Жакартад ирнэ гэж Тайландын Засгийн газрын төлөөлөгч мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилжээ.

Холбоотой мэдээ