Нийслэлийн 120 цэг, явуулын 40 цэгээр дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-22 22:37:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, маргаашаас нийслэлийн 120 цэг, явуулын 40 цэгээр дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон тухай Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ. 


Өнөөдрийн байдлаар, манай улс насанд хүрсэн хүн амынхаа 31 хувийг вакцины эхний тунд хамруулсан байна. Мөн хоёрдугаар тунд 3 хувь буюу 65 мянган хүнийг хамруулжээ. Маргааш эхлэх дархлаажуулах ажилд хоёрдугаар тунг хийхийн зэрэгцээ 55-аас дээш насны ахмадын эхний тунг хийхээр төлөвлөж байна. Дархлаажуулах цэгийн тоо өмнөхөөс гурав дахин нэмэгдсэн тул өдөрт 60 мянган хүнийг хамруулах боломжтойг ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээлэлдээ тодотгов. 


Нийслэлийн хэмжээнд дархлаажуулах цэгүүдэд 281 баг буюу 1890 ажилтан ажиллахаар төлөвлөж байгаа аж. Мөн дархлаажуулах явуулын цэгээр 40 автобус бэлтгэсэн. Вакцин хийлгэсэн хүмүүсийг ажиглах 40 автобусыг мөн бэлджээ. Иргэдийг хэрхэн дархлаажуулах, явуулын цэгийн маршрут зэргийг хороо, дүүргээс нь мэдэгдэнэ гэдгийг НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис онцоллоо.


Хороо, дүүргээс гаргасан хуваарийн дагуу утсаар болон бусад сувгаар холбогдож вакцины эхний тунд хамруулах тул иргэдийг дураараа дархлаажуулах цэгт очиж дараалал үүсгэхгүй байх шаардлагатайг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллийн үеэр тодотгов.

Холбоотой мэдээ