Ж.Байден: Уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэхэд шийдвэрлэх он жилүүд ирж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-23 10:45:39

ВАШИНГТОН. /VOA/. Дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ноцтой үр дагавруудаас зайлсхийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шийдвэрлэх он жилүүд бидний өмнө байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх цахим дээд хэмжээний уулзалтыг нээх үеэрээ мэдэгдлээ.


Мөн АНУ 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2005 оны үеийнхээс 50-52 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлж буйг мэдэгдээд, дэлхийн бусад улс орон, ялангуяа томоохон эдийн засагтай орнуудад энэ чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалжээ.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Ж.Байдены танилцуулсан зорилтыг “уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд асар их нөлөө үзүүлнэ” хэмээн сайшаажээ. Цагаан ордны мэдээлснээр, АНУ энэхүү зорилтдоо хүрэхийн тулд цахилгаан эрчим хүчний салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэж, байгаль ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлж, аж үйлдвэрүүдийн ялгаруулж буй хийн хэмжээг бууруулж, метаны хэрэглээг багасгах ажээ.


Харин дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ, Энэтхэг шинэ үүрэг амлалт өгөөгүйд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчид болон байгаль хамгаалагчид сэтгэл дундуур байна.


Олон улсын өгсөн үүрэг амлалтууд

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх жилүүдэд нүүрсний хэрэглээг хатуу хянаж, 2026-2030 онд чулуужсан түлшний хэрэглээг үе шаттайгаар бууруулна гэдгээ мэдэгдэв. Мөн БНХАУ-ын нүүрсхүчлийн хийн ялгарал 2030 оноос өмнө дээд үзүүлэлтдээ хүрнэ гэдгийг дахин мэдэгдсэн байна.


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хэлэхдээ, АНУ-тай байгуулж буй уур амьсгал, эрчим хүчний түншлэлийн хүрээнд “хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй технологийг танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ” гэв.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, “Эх дэлхийгээ бид ногоон хэвээр нь хадгалах хэрэгтэй боловч дэлхий дахинд аюултай нөхцөл байдал нүүрлэж, хүн төрөлхтөн ёроолгүй ангалын эрмэг дээр дэнжигнэж байна. Бид бүхний хийх дараагийн алхам цаашид хэрхэхийг шийднэ. Дэлхийн улс орон бүрийн удирдагчид шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” хэмээн хэлэв.


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн хувьд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2005 оны түвшнээс 40-45 хувиар бууруулах зорилтоо танилцуулсан байна.


Германы Канцлер Ангела Меркель уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх асуудлаар АНУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй Ж.Байденд талархал илэрхийлжээ.


Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн хувьд дэлхийн гурав дахь том эдийн засаг, нүүрсхүчлийн хий ялгарлын хэмжээгээрээ тавдугаарт жагсдаг улс орныхоо шинэ зорилтыг танилцуулахдаа, “Японы Засгийн газар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 2013 оны түвшнээс 46 хувиар бууруулна” гэжээ.


Цахим уулзалтад 40 гаруй орны удирдагчид оролцож байгаа юм. 

Холбоотой мэдээ