Академич Б.Ширэндэвийн дурсгалын самбарыг Эрхүү хотноо босголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийг ойн хүрээнд Эрхүү хотноо нэрт эрдэмтэн, академич Б.Ширэндэвийн дурсгалын самбарыг Эрхүү хотын Багшийн дээд сургуульд байгуулах ёслол энэ сарын 21-нд болов.
Мөн өдөр Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хурлын танхимд Монгол Улсаас ирж суралцсан анхны сурагчдын тухай болон БНМАУ, Багшийн дээд сургуулийн харилцаа, хамтын ажиллагааны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн, “Дружба-Найрамдал: 100 жил хамтдаа” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулжээ. Академич Б.Ширэндэв тус сургуулийг 1937-1941 онд суралцаж төгссөн аж.
Их эрдэмтний дурсгалын самбарыг бүтээх ажилд Монгол Улсын ШУА, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс холбогдох баримт бичиг, гэрэл зураг, лавлагааг гаргаж өгчээ.
Уг ёслолд Монгол Улсаас Эрхүү хотноо суух Ерөнхий консулын газар, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү дэх төлөөлөгчийн газрын ажилтнуудын төлөөлөл, Эрхүүгийн Улсын их сургуулийн багш, оюутнууд, Эрхүү хотын Улсын их сургууль, Улсын багшийн дээд сургуулийн монгол төгсөгчид оролцсон байна.