Дүрслэх урлагийн музей: Лагшины хот мандал буюу лойлон

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-04-29 09:43:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Лагшины хот мандал нь XX зууны эхэн үеийн Монголын нэрт урчуудын хамтран урласан уран барилгын өвөрмөц дурсгал, Монголын бурхны шашны хөгжлийг тодорхойлохуйц хосгүй үнэт өвийн нэг юм.

 

Хот мандал /бурхны орон/-ыг модоор бүтээсэнг лойлон гэнэ. Эх дагины аймаг анх байгуулагдахад хааш хаашаа 20 чий /нэг чий 32 см/ хэмжээтэй Дүйнхорын лойлонг бүтээжээ.

 

Их хүрээний дэд хамба лам Дэчингалбын Дорж Ловон Цогтзандан, Дүйнхорын аймгийн Содномдаржаа тэргүүнтэй лам нар зохион зааварлаж, Дүйнхорын лойлонг Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он /1914/ хөх бар жил Их хүрээний шилдэг урчууд, халх дөрвөн аймаг, шавь тавын захиргаанд байсан тэргүүн зураач, сийлбэрч, дархны урчуудыг дайчлан 2-3 сарын хугацаанд хус, дал модоор сийлж, унжлага гоёж, чимэглэлийг зэсээр хөөмөлдөж, алтаар шарж бүтээн урлажээ.

 

Нийслэл хүрээнд энэхүү хот мандлыг бүтээхэд 200 гаруй урчууд оролцсоноос Дүйнхорын аймгийн Содномдаржаа, Андуу нарын аймгийн Тавхайбор, Жамбалдорж, Намдлингийн аймгийн Лувсан, Шүтээний аймгийн Дугаржав нарыг дурдаж болно.



Тус лойлон нийт 1818 нэгжээс бүрдэх ба нэг ч хадаас ашиглаагүй, модон углуургын аргаар бүтээжээ.


1966 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Богд хааны ордон музейгээс Дүрслэх урлагийн музейд шилжин ирж, 1969 оны 4 дүгээр сарын 3-ны "Монголын Дүрслэх урлагийн музейн үзмэр худалдан авах ба бүтээлийн үнэ тогтоох комисс"-ын 45-р тогтоолоор музейн сан хөмрөгт бүртгэжээ.

 

1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарлаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1914 онд Дүйнхорын хот мандлыг байгуулсан нь төр, шашин талаасаа Монгол Улс өнө мөнх оршин тогтнохыг бэлгэдэн бүтээсэн байна.

 

Холбоотой мэдээ