Дубайд вакцин хийлгэсэн хүмүүс фитнес клубээр үнэгүй үйлчлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-03 11:23:03

ДУБАЙ. /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Дубай хотын спортын зөвлөлөөс (Dubai Sports Council) коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүст тус хотын алдартай фитнес клубүүдэд хоёр долоо хоног үнэгүй хичээллэх эрх олгохоор болжээ. Энэ тухай Дубайн засгийн газрын хэвлэлийн алба цахим хуудастаа мэдээлэв.


"Хүн бүр хүн бүрийн өмнө хариуцлага хүлээнэ" (Everyone is Responsible for Everyone) хэмээн нэрлэсэн энэхүү кампанит ажил нь коронавирусний вакцинжуулалтад нэмэлт анхаарал хандуулах зорилготой ажээ. Дубайн томоохон фитнес клубүүд тавдугаар сарын 3-13-ны хооронд вакцин хийлгэсэн иргэдэд үнэгүй үйлчилнэ. 


Вакцин хийлгэсэн хүмүүс уг аянд оролцож буй аль ч клубт ирж, улсаас хүлээн зөвшөөрсөн вакцинжуулалтын гэрчилгээг үзүүлэхэд л хангалттай байна. 


АНЭУ-д цар тахал дэгдсэнээс хойш 532 мянга гаруй хүн халдвар авснаас 504 мянга нь эдгэрч, 1500 нь нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1800 шинэ тохиолдол илэрч, 2 хүн нас барсан бол 1700 өвчтөн эдгэрсэн байна.


Холбоотой мэдээ