Монголын Үндэсний музей: Д.Сүхбаатарын хөшөөний загвар
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад Монголын Үндэсний музейн сан хөмрөгт буй Д.Сүхбаатарын хөшөөний загварыг толилуулж байна.
Уг хөшөөний загварыг уран бүтээлч М.Балдан-Осор, Д.Мишиг нар 1971 онд бүтээжээ.
Монгол уламжлалт аргаар углуургаж ногоон өнгөөр будсан модон хүрээн дээр улаан өнгөөр дэвсгэрлэсэн ба түүний дээр нь хамар, эвэр угалз хээг алтан боронзоор сүмбэрлэж нэгэн үе цэцгэн хээ, дээр нь бадамлянхуа цэцгийн дэлбээг улаан, ногоон өнгөөр бусаж, хүрээг нь алтан боронзоор зүмбэрдсэн майга хөлтэй ширээн дээр Сүхбаатарын хөшөөг суурилуулжээ. Хөшөө, арсланг төмрөөр, доод суурийг нь мөнгөөр урлажээ.
Ширээний суурийн хэмжээ урт нь 46 см, өргөн 37.5 см, өндөр 14 см. Хөшөөний доод талын суурь тавцан 41.5х34см, Дээд суурь 39х32см, эргэн тойрон 14 арслантай, арслан 2х2.5см,гинжний урт 9см,доторхи хашлага 33.5х26 см, хөшөөний доод суурь 18х10х14см.
1971 онд БНМАУ-ын 50 жилийн ойд зориулж Гандан хийдээс урчууд гарган энэхүү хөшөөний загварыг хийлгэжээ. Энэхүү хөшөө нь хийц ураар өвөрмөц чимхлүүр ховор дурсгалын нэгд тооцогдоно.
Монгол бичгээр, “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” Д.Сүхбаатар, дор нь "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 25 жилийн ойн баярыг тохиолдуулж босгов. 1946-7-11" гэж кирилл үсгээр бичжээ.