“ExoMars” төхөөрөмж Улаан гарагийн анхны зургуудаа илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-20 11:40:07

МОСКВА. /TASS/. Орос-Европын гараг хоорондын “ЕxoMars” гэдэг сансар судлалын төхөөрөмжөөр Улаан гарагийн анхны зургуудыг авсан тухай Европын сансар судлалын агентлаг /ЕССА/ мэдээлжээ. Уг аппарат 10 дугаар сард Ангараг гараг дээр буух аж.  

 “6 дугаар сарын 13-нд анхны зургийг авах үед уг аппарат Ангараг гарагаас 41 сая км-ийн зайд байсан. Энэ зураг нь Ангараг дээр очоод авах өндөр нарийвчлалтай зурагтай харьцуулшгүй боловч уг камерыг бүтээсэн багийнхны хувьд энэ нь маш чухал үйл явдал юм” гэж ЕССА үзэж байна.

Тус агентлагийн мэдээлснээр, “ExoMars” зорьсон газартаа хүрэхийн тулд туулах шаардлагатай 500 сая км зайн бараг хагасыг нь туулаад байгаа ажээ.  Уг төхөөрөмжийг 3 дугаар сарын 14-нд Байконур сансрын төвөөс “ПротонМ” пуужингаар хөөргөсөн ажээ.

Уг аппарат “Трейс Гас Орбитер” газан аппарат /ТГО/ болон  “Шиапарелли” модулиас бүрддэг байна. ТГО нь Ангараг гарагийн агаар мандлын бүтэц болон хөрсөн дэх ус мөсний хэмжээг судална. Шиапарелли нь Ангараг дээр газардах юм.

Тус аппаратын ажиллах хугацаа нь цахилгаан зайны багтаамжаас хамаарах  юм. ТГО нь Ангарагийн тойрог замд 10 дугаар сарын 19-нд орох бол “Шиапарелли” модуль мөн өдөр газардах ажээ.

“ExoMars” төслийн 2 дахь үе шатанд Оросын газардах тавцан болоод Европын аппаратыг Ангараг гараг руу илгээнэ. Энэ үе шатанд хийх хамгийн чухал ажил бол Ангараг гарагийн хөрсийг өрөмдөж, судалгаа хийх явдал юм. Хөрсний гүнээс органик амьдрал байсны ул мөрийг олно гэдэгт эрдэмтэд найдсаар байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ