Дундговь аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар 3 асуудал хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-05 17:09:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 4-р хуралдаан 5 дугаар сарын 5-нд 88.5 хувийн ирцтэйгээр хуралдаж, 3 асуудал хэлэлцлээ.

Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн үлгэрчилсэн дүрмийг батлах, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх хөтөлбөр батлах, аймгийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн байна.

Тус хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм болон ёс зүйн хорооны гишүүдийг баталжээ. Ёс зүйн хороонд олонхын саналаар төлөөлөгч Ж.Мөнхчулуун, О.Эрдэнэтөгс, С.Амарсанаа, Н.Мэндсайхан, Л.Өлзийбүрэн нар  сонгогдсон аж.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулах, тандалт судалгаа хийх, шинжилгээнд хамруулах, тусгаарлах, эмчлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор аймгийн 2021 оны төсвийн төсөвт өөрчлөлт оруулж, Орон нутгийн хөгжлийн сан болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулсан байна.

Тус хуралдаанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх инженерийн шугам сүлжээг ашиглан шинээр барих орон сууцны барилгын нийт талбайн 2,0 хувийг орон нутгийн өмчид шилжүүлэн авах замаар “Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх хөтөлбөр”-ийг баталж, түүнийг хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад даалгажээ.

Холбоотой мэдээ