Энхтайваны гүүрний засварыг стандартын дагуу хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-05 22:04:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын явцтай танилцлаа.


Явган хүний замыг өнөөдөр резинэн хавтангаар бүрж эхэлсэн, засварыг төлөвлөсөн хугацаандаа дуусгаж, энэ сарын 8-нд нээнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Хотын дарга засварын чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарч хийхийг үүрэг болгов.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга Г.Билгүүн “Энхтайваны гүүрийг ашиглалтад оруулснаас хойш нэг удаа их засвар хийсэн. Өмнө нь бетонон суурьтай замыг будаад өнгөрч байсан бол энэ жил халтиргаа гулгаанаас хамгаалсан керамик гадаргуутай зориулалтын бүрмэлээр бүрж байна. Энэ нь замын насжилтын уртасгана. Гүүрний засварыг эхлүүлээд тав хонож байна. Энэ нь их засвар биш, урсгал засвар юм. Арваад хоногийн өмнө болсон шуурганаар 30 жил болсон гэрлийн шон унах аюултай болсон тул гэрлийн шонг бүрэн бэхэлж, стандартын дагуу суурилуулж байгаа” гэжээ.


Энхтайваны гүүрний хэв гажилт, заадас, мөн хучилтын хийцийг бүрэн засаж байна. Гурван хэв гажилтын заадасны хоёрыг нь зассан бөгөөд гэрлийн шонгуудыг маргаашаас суурилуулж эхлэх аж.

 


 

Холбоотой мэдээ