Индонезийн усан цэргүүд Хятадын завь руу гал нээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /ВВС/. Хятадын загас агнуурын завь руу гал нээсэн гэж Хятадын тал Индонезийн тэнгисийн цэргийн хүчнийг буруутгаж байна.
Хятад улсын ГХЯ мэдэгдэлд дурдсанаар “нэг загасчин шархадсан бөгөөд нэлээд хэдэн хүн баривчлагджээ”.
Энэ хэрэг явдал Өмнөд Хятадын тэнгисийн Борнео эргийн Натуна арлын ойролцоо өнгөрсөн баасан гарагт гарсан байна. Индонезийн тэнгисийн цэргийн хүчнийхэн мэдэгдэхдээ “Хятадын далбаатай нэлээд хэдэн завь руу буудсан. Гэхдээ нэг ч хүн бэртэж гэмтээгүй” гэсэн юм. Индонезийн холбогдох албаны хүмүүс баривчлагдсан загасчдыг сулласан эсэх нь тодорхойгүй байна.
БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн харьяаных гэж үздэг бөгөөд тэнд хиймэл арлууд байгуулж, дэд бүтцийг нь өргөтгөж байгаа юм. Натуна арал болон арал орчмын тэнгисийн нутаг дэвсгэрийг Индонезийнх гэдгийг БНХАУ хүлээн зөвшөөрдөг боловч талууд хууль бус загасчлалын асуудлаас үүдэн өмнө нь нэг удаа дээрхтэй адил зөрчил гарч байсан юм.
Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин хэлэхдээ “энэ хэрэг явдал Хятадын загас агнуурын бүсэд болсон” гэжээ.
Г.Доржханд