Элчин сайд А.Баттөр судлаач Мари Фэйвриг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-05-06 11:35:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, Оксфордын Их сургуулийн судлаач хатагтай Мари Фэйвриг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Мари Фэйвригийн англи хэлнээ хэвлүүлсэн “The Horde. How the Mongols changed the World” (Harvard University Press, 2021) ном болон Чингис хааны үеийг судалсан судалгаа, бүтээлийг францын хэвлэлийн газрууд, олон нийтийн зүгээс сонирхох хандлага нэмэгдэж буй талаар харилцан ярилцав. Нант хотын түүхийн музейн гаргахаар төлөвлөж буй, Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төсөлд судлаач Мари Фэйври хамтран ажиллаж байгаа бөгөөд Чингисийн Эзэнт гүрний цаг хугацаанд хамаарах чиглэлээр идэвхтэй судалгаа хийж буйгаа тэмдэглэв.


Элчин сайд А.Баттөр Их Эзэн Чингис хааны тухай болон Монгол Улсын талаарх Франц дахь монгол судлаачдын ном, бүтээл арвижиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, Нант хотын түүхийн музейн үзэсгэлэнгийн төсөл, түүнчлэн Монгол Улсын Дипломат академийн санаачилга болох “Чингис судлалд холбогдох 1000 номын сан буюу “Алтан цуглуулбар-999” төслийг дэмжихэд үргэлжлүүлэн холбоотой ажиллахаар тохиров.

Холбоотой мэдээ