АНУ “COVID-19”-ийн вакцины патентыг түр цуцлахыг дэмжжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-06 15:49:56

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг хамгаалах хэм хэмжээг цуцлахыг АНУ дэмжжээ.


“Цар тахалтай холбоотой онцгой нөхцөл байдал онцгой арга хэмжээг шаардаж байна. АНУ-ын засаг захиргаа оюуны өмчийг хамгаалахын ач холбогдлыг тууштай дэмждэг ч цар тахлыг зогсоох зорилгодоо хүрэхийн тулд коронавирусний вакцины оюуны өмчийг хамгаалах хэм хэмжээг цуцлахыг дэмжиж байна” хэмээн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Кэтрин Тай мэдэгдэв. 


“Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд энэ асуудлаарх яриа хэлэлцээнд идэвхтэй оролцохыг АНУ-ын эрх баригчид зорьж байна. Асуудлын нарийн төвөгтэй байдлыг тооцож үзвэл ийм яриа хэлэлцээ цаг хугацаа шаардана” гэж тэрбээр мөн хэлсэн байна.


Коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх ДХБ-ын хэлэлцээрийг түр зогсоохыг Европын 400 орчим парламентын депутат, үндэсний парламент дэмжсэн тухай “El Pais” сонин өмнө нь мэдээлжээ. Олон улсын 34 байгууллагын хэдэн долоо хоногийн өмнө гаргасан өргөдөлд парламентын гишүүд нэгдсэн байна. Ийм алхам авснаар коронавирусний вакцины үйлдвэрлэл нэмэгдэж, дэлхий дахинд вакцин шударга хуваарилагдах баталгаа болно гэж улс төрчид үзэж байна. 


Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж вакцины патентаас түр татгалзахыг Энэтхэг, ӨАБНУ өнгөрсөн оны эцсээр коронавирусний вакцин үйлдвэрлэдэг улс орнуудад уриалжээ. Энэ уриалгыг ДХБ-д багтдаг 103 улс дэмжсэн байна. Түүнчлэн Нобелийн шагнал хүртсэн, төр засгийн тэргүүн байсан 175 хүн коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх ДХБ-ын хэлэлцээрийг түр зогсоохыг нь дэмжихийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд уриалсан аж.

Холбоотой мэдээ