Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо 4 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-12 10:27:42

ЖЕНЕВ. /TASS/. Өнгөрсөн долоо хоногт халдварын 5.5 сая, нас барсан 90 мянга гаруй тохиолдол дэлхий дахинд бүртгэгдсэнээр өмнөх үзүүлэлтээс 4 хувиар буурчээ.


Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт мэдээлэв.


“Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар, нас баралтын тохиолдол долоо хоногийн дотор бага зэрэг буурчээ” гэж ДЭМБ-ын долоо хоног тутмын мэдээллийн товхимолд дурдсан байна. Тодорхой хэмжээнд буурсан ч халдвар, нас баралтын түвшин өндөр хэвээр байгааг мэдэгдэлд мөн дурдав.


Тавдугаар сарын 3-9-ний хооронд халдварын 5 517 602 шинэ тохиолдол илэрч, нас барсан 90 242 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүс нутгаар авч үзвэл Зүүн Өмнөд Ази түүний дотор Энэтхэгт өвчлөл 6 хувиар нэмэгдсэн бол Европт шинэ халдварын тоо 23, Зүүн Газрын дундад тэнгист 13, Африкт 5, Хойд ба Өмнөд Америкт 4 хувиар тус бүр буурчээ. Нас баралтын тохиолдол Номхон далайн баруун хэсэгт 34 хувиар, Зүүн өмнөд Азид 15 хувиар мэдэгдэхүйц өссөн бол Европт 18, Зүүн Газар дундын тэнгист 13,  Америкт 4, Африкт 3 хувиар тус бүр буурсан байна. 


Европт долоо хоногийн дотор 919 мянга гаруй хүн халдвар авч, 19 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Хойд болон Өмнөд Америкт халдварын 1.2 сая шинэ тохиолдол, нас баралтын 33 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Зүүн Өмнөд Азид халдварын 2.8 сая гаруй тохиолдол бүртгэгдэж 28 мянга гаруй хүн нас баржээ.

Холбоотой мэдээ