Монголын баг тамирчид Токиог зорих 30 эрхтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-12 14:15:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо энэ оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд зуны XXXII олимпын наадам, 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам болно.


Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид 5 дугаар сарын 12-ны байдлаар олимпын 30 эрхийн болзол хангаад байна. Хамгийн сүүлд эрх авсан тамирчдыг онцлон дурдвал: энэ сарын 7-нд Болгарын Софи хотноо болсон бөхийн төрлүүдийн олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс гавьяат тамирчин Э.Бэхбаяр чөлөөт бөхөөр эрхийн болзол хангасан бол эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Х.Болортуяа олимпын эрхийн болзол хангаж, чөлөөтийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Токиог зорихоор болсон.


“Токио-2020” паралимпын тухайд хамгийн сүүлд буюу энэ оны 5 дугаар сарын 6-ны өдөр олон улсын пара хөнгөн атлетикийн холбооноос манай улсын нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин “Токио-2020” паралимпын наадамд оролцох болзол хангасныг албан ёсоор мэдэгдсэнээр нийтдээ 7 эрхтэй боллоо. Тодруулбал, пара хөнгөн атлетикийн тамирчин Ц.Энхманлай, Д.Саруултөгс нар Токиог зорино.


Олимп, паралимпын эрх олгох болон эрхийн оноогоо цуглуулах тэмцээнүүд энэ өдрүүдэд үргэлжилсээр байгаа юм.

Холбоотой мэдээ