Төвөөс алс нутагт ажиллаж буй алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох хуулийн төсөл санаачиллаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-14 16:43:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд нийт 3113 алба хаагч ажиллаж байгаагаас нийслэлд 1528, орон нутагт 1585 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зарим төрлийн нэмэгдэл олгож байгаа ч тэдний тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.


Ялангуяа аймгийн төвөөс алс нутагт дэвсгэрт байрладаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс тэдгээр алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүссэнээр алсалсан хорих, анги байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо буурч байгаа аж. Сүүлийн 3 жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба xaaгч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна.


Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад газарт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Холбоотой мэдээ