Итали хөл хорионы дүрэм журмаа сулруулна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-16 12:34:05

РОМ. /Bloomberg/. Итали улс аялал жуулчлалын улирал ойртон ирж буйтай холбогдуулан Европын Холбоо болон бусад улс орнуудаас ирэх жуулчдад зориулж тусгаарлалтын журмыг цуцлах төлөвтэй байна.


Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, ням гаргаас эхлэн Европын Холбоо, Их Британи, Израилаас ирсэн иргэдийн коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан бол тусгаарлалтанд хамруулахгүй аж.


Түүнчлэн Ковидгүй нислэг гэгдэх нислэгийнхээ чиглэлүүдийг Канад, Япон, АНЭУ болгож нэмэгдүүлэх юм байна. 

Коронавирусний халдварт өвчний нөхцөл байдал тогтворжиж буйтай холбоотойгоор Италийн нутаг дэвсгэр нэлэнхийдээ халдварт өвчний эрсдэл багатай бүс рүү шилжин оржээ.

Италийн “Corrier della Sera” сонины мэдээлснээр, эрсдэл өндөртэй “улбар шар” бүсэд зөвхөн тус улсын баруун хойд жижиг муж Валле д’Аоста үлдээд байгаа аж.

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, вакцинжуулалтын кампанит ажил өрнөж эхэлснээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо хоёр дахин буурчээ. Пескара мужийн Феррар хотын их сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаанд дурдсанаар, вакцинжуулалтын аяны үр дүнд тус бүсэд халдварын тохиолдол 95 хувиар буурсан байна. Үүнээс гадна хүнд хэлбэрээр тусах тохиолдол 99 хувь, хүндрэлийн улмаас нас барах тохиолдол 90 гаруй хувиар тус бүр буурчээ. Нэгдүгээр сарын 2-ноос дөрөвдүгээр сарын 24-ний хооронд явуулсан уг судалгаанд 40 мянга хүн оролцсон байна. Үүний зэрэгцээ судлаачид Их Британи, Шведийн “AstraZeneca” вакцины үр дүнг батлан мэдэгджээ.

Италийн Засгийн газар хязгаарлалтыг аажмаар сулруулах хуваариа даваа гарагт эргэн харах аж. Спорт заал, усан бассейн, зоогийн газруудыг товлосон хугацаанаас нь эрт нээж магадгүй байна. Эдгээр газрыг 6 дугаар сарын 1-нээс нээх төлөвтэй байжээ. Үүнээс гадна хөл хорионы цагийг 22:00 цагаас 23:00 болгож хойшлуулах боломжийг хэлэлцэх аж.


Холбоотой мэдээ