Их Британи хязгаарлалтаа сулруулжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-17 09:15:01

ЛОНДОН. /BBC/. Англи, Уэльс, Шотландын дийлэнх хэсэгт хязгаарлалтыг сулруулж байгаа ч иргэд коронавирустэй хийх тэмцэлд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, хариуцлага алдахгүй байх хэрэгтэй гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.


Хязгаарлалтыг сулруулснаар Их Британид олон сая хүн тодорхой тооны хязгаартайгаар нэг байранд цугларч, хоорондоо харилцаж, ойр дотны хүмүүсээ тэвэрч, эргээд паб, шөнийн цэнгээний газрууд, зоогийн газруудаар үйлчлүүлэх боломжтой болж байна. 


Гадаад руу аялахад тавьсан хориг мөн цуцлагдаж, шинэ дүрэм журам гаргажээ.


Гэсэн ч хүн бүр сонор сэрэмжтэй байж, долоо хоногт хоёр удаа шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг Борис Жонсон цохон тэмдэглэв.


“Бид  хамтдаа тусгаарлалтаас гарах замынхаа өөр нэгэн чухал уулзвар дээр ирээд байгаа ч дараагийн алхмыг тун болгоомжтой хийх хэрэгтэй. Хүн бүр долоо хоногт хоёр удаа шинжилгээнд хамрагдах, ээлж нь ирэх үед вакциндаа хамрагдах үүргээ гүйцэтгэх ёстой. Вирусыг зогсоохын тулд эрх чөлөөг мэдэрч буй хүн бүр анхаарал болгоомжтой, хариуцлагатай байхыг би уриалж байна ” хэмээн тэрбээр хэлжээ.


Англи, Шотландад оршин суугчид шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээний хариу нь 30 минутын дотор гардаг үнэгүй оношлуурыг авах боломжтой аж. Харин Уэльс, Хойд Ирландад ийм оношлуурыг зөвхөн тодорхой бүлгийн хүмүүс авах боломжтой гэнэ. Тухайлбал, гэрээсээ ажиллах боломжгүй иргэд ийм оношлуурыг үнэ төлбөргүй хэрэглэж байгаа аж.


Их Британи 1 дүгээр сарын 18-наас зарим нэг шалтгаанаас бусад тохиодолд гадаад руу аялал хийхийг хориглосон. Түүнчлэн Их Британийн дийлэнх хэсэгт 12 дугаар сараас хойш паб, зоогийн газруудаар хязгаарлалт үйлчилж байсан юм. 


Англи:

Байр, орон сууц дотор 6 хүртэлх тооны хүн цугларах боломжтой бол гудамжинд нэг дор цугларах хүний тоо 30-аас хэтрэхгүй.

Кафе, зоогийн газар, шөнийн цэнгээний газруудал үйлчлүүлэгчдийг гадна талбайд хүлээн аваад зогсохгүй дотор  хүлээн авахыг зөвшөөрчээ.

Музей, кинотеатр, хүүхдийн тоглоомын талбай, концертын танхим, спортын цэнгэлдэх хүрээлэнгүүд аажмаар үйл ажиллагаагаа сэргээж эхэлнэ.

Зай барих журамд өөрчлөлт орж байгаа бөгөөд тэврэх зэрэг харилцаа үүсгэх нь хувь хүний сонголтын асуудал.


Шотланд (Глазго, Моригоос бусад):

Байр, орон сууц дотор нэг дор 6 хүн цугларч болно. Харин гадаа нэг дор 8 хүн цугларах боломжтой.

Буурчийн газар, зоогийн газрууд 22:30 цаг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчилнэ.

Кинотеатр, театр зэрэг зугаа цэнгэлийн газрууд дахин нээгдэх бөгөөд доторх арга хэмжээнд оролцох хүний тоог 100-гаас хэтрүүлэхгүй байх ёстой аж.


Уэльс:

Буурчийн болон зоогийн газрууд үйл ажиллагаагаа дотор явуулах боломжтой.

Амралтын газрууд үйл ажиллагаагаа сэргээнэ.

Кинотеатр, музей, уран зургийн галерей дахин үүд хаалгаа нээнэ.

Харин гэр дотор цугларах журамд өөрчлөлт ороогүй байна.


Тийнхүү хязгаарлалтыг сулруулсан нь ард иргэдийн сэтгэл санаа, эдийн засгийн байдалд тэр дундаа цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан салбаруудын хувьд томоохон үйл явдал юм. Их Британид амралт, зугаа цэнгэлийн салбарт ажилладаг нэг сая орчим хүн ажилдаа эргэн орж байна.


Өмнө нь иймэрхүү үйлчилгээний газруудын дийлэнх нь гадна талбайд үйлчлүүлэгчдийг хүлээн авах боломжтой байсан хэдий ч 60 орчим хувь нь гадна талбайгүй учир үйл ажиллагаагаа сэргээж чадахгүй байсаар иржээ. Хэдий хязгаарлалтыг сулруулсан ч олон газрын хувьд оргилсон үе нь биш юм. Зургаадугаар сарын 21-нд бүх хязгаарлалтыг цуцлах төлөвтэй байгаа нь бизнесийн эрхлэгчдэд жинхэнэ утгаараа шагнал болох юм.


Энэтхэгийн хувилбар тархах аюул

Хязгаарлалтыг сулруулснаар Энэтхэгийн хувилбараар халдварласан тохиолдол огцом тархаж болзошгүйд санаа зовниж буйгаа эмч, судлаачид өмнө нь илэрхийлжээ.


Ийм цаг үед хязгаарлалтыг сулруулснаар тун сөрөг үр дагаварт хүрч болзошгүй хэмээн Их Британийн анагаахын ухааны нийгэмлэг бямба гарагт мэдэгдсэн байна.  


“Хязгаарлалтыг сулруулснаар халдварт өвчний тохиолдол огцом нэмэгдэж болзошгүй нь нэгдүгээрт, шинэ хувилбар хавьгүй хурдан дамжин халдварладаг, хоёрдугаарт залуучууд хараахан вакцинжуулалтад хамрагдаагүй байгаатай холбоотой. Залуу үе л хязгаарлалт цуцлагдсаны дараа нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох хүмүүс юм” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Энэтхэгийн хувилбар хүмүүст тэр дундаа вакцин хийлгээгүй иргэдийн дунд түймэр мэт хурдан тархаж болзошгүйг Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мөн анхааруулсан байна. Түүнчлэн сонор сэрэмжээ алдахгүй байхыг оршин суугчдад уриалав.

Холбоотой мэдээ