Хятад вакцин мутацид орсон коронавирусээс ч хамгаална гэж мэдэгдэв
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. “Хятад улсад бүтээгээд байгаа "COVID-19"-ийн вакцинууд Энэтхэгт анх бүртгэгдсэн B.1.617 мутацид орсон хувилбараас хамгаалах үйлчилгээ үзүүлнэ” хэмээн БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтэн Шао И Мин мэдэгдэв.
Тэрээр мөн “Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусний мутацид орсон хувилбарыг Хятад улс анхааралтай ажиглаж, холбогдох байгууллага болон аж ахуйн нэгжүүд судалгаа хийж мэдээ, мэдээлэл цуглуулж байна. Судалгааны эхний үр дүнгээр Хятад улсад байгаа вакцинууд уг омгийн эсрэг үр дүн үзүүлнэ” гэжээ.
Түүний үзэж буйгаар коронавирус мутацид орох нь улам бүр нэмэгдэж байгаа ба Хятад улсад үйлдвэрлэж буй амьгүйжүүлсэн вакцин нь мутацид орсон хувилбаруудын эсрэг хамгийн хурдан хариу арга хэмжээ авах боломжтой юм байна. Учир нь мутацитай уялдуулан вакцины үйлдвэрлэлийн үйл явцыг бүхэлд нь өөрчлөх шаардлагагүй бөгөөд зөвхөн вакцин үйлдвэрлэлтийн төгсгөлд мутацид оруулсан хувилбарыг нэмж оруулахад хангалттай аж.
Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар, одоогоор 11 улсад Энэтхэгт анх илэрсэн коронавирусний B.1.617 хувилбар бүртгэгдээд байна.