“Миний мэдэх Монгол орон, монгол хүн” эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-06-02 15:57:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан оюутнуудын дунд зарласан “Миний мэдэх Монгол орон, монгол хүн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол энэ сарын 1-нд болов.


Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уг уралдаанд Оросын их, дээд сургуулиудад Монгол судлал, олон улсын харилцаа, монгол хэлний орчуулагчийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд оролцсон юм. Шагнал гардуулах ёслолд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад айлчилж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар оролцов.


Уралдааны тэргүүн байрт “Миний мэдэх Монгол орон, монгол хүн” эсээ бичлэгийг туурвисан М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Алексей Анисимов, “Найрамдлын зуун” бичлэгийг туурвисан  ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн олон улсын харилцааны дээд (их) сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Николай Колнобрицкий нар шалгарчээ.


Түүнчлэн, уралдааны нэгдүгээр байрт Үндэсний судалгааны “Эдийн засгийн дээд” их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Ульяна Махно, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Елизавета Павлова нар шалгарлаа. Хоёрдугаар байрт Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Элистина Эрдниева, Артем Варицкий, шагналт байрт М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Вита Ветрова, Антон Александров, Үндэсний судалгааны “Эдийн засгийн дээд” их сургууль (ВШЭ)-ийн нэгдүгээр курсийн оюутан Софья Козлова, Максим Гула, Анна Клементьева, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Борис Кушхов, Дмитрий Федин, Антон Александров, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Гюнель Кулиева нар тус тус шалгарсан байна.


Шагнал гардуулсны дараа  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлж, уралдаанд шалгарсан оюутнууд, тэдний багш нарт баяр хүргэж, цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.


Ёслолын дараа багш, оюутнууд чөлөөт ярилцлага өрнүүлж, монгол наадмын болон Монгол Улсын Архивын Ерөнхий газраас бэлтгэсэн хоёр орны харилцааны 100 жилийн түүхийн гол үйл явдлуудыг харуулсан баримтат киног тус тус үзэж сонирхов.

Холбоотой мэдээ